Сүүлийн үед утга зохиолын хүрээнд төдийгүй иргэдийн дунд шүүмжлэл дагуулдаг болсон зүйлийн нэг бол Болор цом яруу найргийн наадам. Тус наадамд нэр хүнд олох гэж мөнгө өгч түрүүлдэг, танил талаараа нэр нь тунаж үлддэг гэх мэт олон яриа бий. Монголын хамгийн том утга уянгын яруу найргийн энэхүү наадам нь хэдийгээр хэл ам дагуулдаг ч үзэгчдийн өмнө шүлгээ уншиж буй яруу найрагчид шударга шүүлтэд ордог гэж олон яруу найрагчид хэлж байна.
Энэ жилийн хувьд “Болор цом-38” яруу найргийн наадам цар тахлаас шалтгаалан үзэгчгүй болох юм. Тэгэхдээ цагдаагийн байгууллагын 100 жилийн ойтой хамтран зохион байгуулж буйгаараа онцлог аж. Гэхдээ шүлэг нь тунаж үлдсэн зарим яруу найрагчид хэрэв цагдаагийн тухай шүлэг унших сэдэв өгөх юм бол эсвэл байгууллагын ой мэт арга хэмжээ болбол нэрээ татна гэсэн ч яриа байна. Болор цом яруу найргийн наадам нь Монголын ард түмний хүсэн хүлээдэг, хүндлэлт наадам төдийгүй оны шилдэг шүлэг, бүтээл шалгаруулдаг сайхан уламжлалтай билээ. Энэ жил нийт 30 яруу найрагч шүлэг, яруу найргаараа өрсөлдөхөөр үлджээ.