Америкийн Нэгдсэн Улсын Конгрессийн Төлөөлөгчдийн Танхимын дэргэдэх Ардчиллын Түншлэл байгууллагаас зохион байгуулж буй “Хууль тогтоох байгууллагаас гүйцэтгэх засаглалд тавих хяналт шалгалтыг сайжруулах” сэдэвт цахим хэлэлцүүлэгт Монголын парламентыг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Д.Цогтбаатар нар оролцлоо.
Уг арга хэмжээ 2021 оны зургадугаар сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, улс орнуудын хууль тогтоох байгууллага нь гүйцэтгэх засаглалдаа хэрхэн ханалт тавьж буй талаар тэргүүн туршлагаа солилцох зорилготой аж. Зохион байгуулагчид КОВИД-19 цар тахлын хүнд хэцүү энэ цаг үед хууль тогтоох байгууллагаас гүйцэтгэх засаглалын төсвийн зарцуулалтад хяналт тавих шаардлага үүсэж, цар тахлыг зогсооход оновчтой шийдвэр гаргахыг чухалчилж байв.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт парламентад олгогдсон эрх, үүрэг, хяналт шалгалт, Байнгын хороодын хяналт шалгалтын тэргүүлэх чиглэлийн талаар Бүгд Найрамдах Индонез Улс болон Монгол Улсын парламентын төлөөлөгчид илтгэл тавив.
Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ, Монгол Улсын гүйцэтгэх засаглалд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газар байгуулагдсан. Энэ нь Улсын Их Хурал, Байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах, гүйцэтгэлийг хангах, Ерөнхий сайдын мэдээлэл, Улсын Их Хурлын гишүүний асуулга, асуултын хариуг нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын анхдагч хуулийн төслийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд нийцүүлэн боловсруулж, батлуулахад санаачлага гарган ажиллаж байна гэв.
Гурван хоног үргэлжлэх хэлэлцүүлэгт Афганистан, Гамби, Гана, Индонез, Кени, Либери, Монгол Улсын 20 гаруй парламентын төлөөлөгчид оролцож байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.