Шинэ Ерөнхийлөгч 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдөр тангараг өргөнө

2021 оны 06-р сарын 11 өдөр, 15 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
90340da1-25ed-4919-96ed-1b823a7534f0

Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг дэмжив

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.06.11) хуралдаан 12 цаг 09 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурал анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг үндэслэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль гаргана” хэмээн заасны дагуу уг хуулийн төслийг боловсруулжээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлд Сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргаж, нийтэд мэдээлнэ. Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн болон Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ гэж заасан.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш ажлын 5 өдрийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлаар дүгнэлт гаргахаар зохицуулагдсан.

Энэ үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг эцэслэн гаргаж хуралдаанаараа хэлэлцэн тогтоол баталж, дүнг өнөөдөр үдээс өмнө Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн юм. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Байнгын хорооны хуралдаанд илтгэл тавьсан юм.

Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу амжилттай зохион байгуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль Коронавирусын халдварт цар тахал дотоодод тархсан амаргүй нөхцөл байдлын үед зохион байгуулагдлаа.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нийт сонгогчийн 59.35 хувь нь оролцож саналаа өгөв. Урьд өмнөх сонгуулиудтай харьцуулахад сонгогчдын ирц харьцангуй бага байсан ч цар тахалтай нөхцөлд сонгуулийг хуулийн дагуу амжилттай зохион байгууллаа гэж үзэж буйгаа Сонгуулийн ерөнхий хорооны дарга онцлов.

Сонгуулийн төв байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг амжилттай зохион байгуулж, сонгуулийн дүнг эцэслэн гаргаж баталгаажуулсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар санал тоолох төхөөрөмж болон гар тооллого хийхээр заасны дагуу саналын хуудсыг 100 хувь гараар тоолоход санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрөөгүй гэдгийг тэрбээр тодотгосон юм.

Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг хэлэлцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд оролцож саналаа өгсөн нийт 1,216,246 сонгогчийн олонхын буюу 823,326 /67.69 хувь/ санал авсан нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэр гаргаж, сонгуулийн дүнг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн тухайгаа танилцуулсан юм.

Илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, М.Оюунчимэг нар Сонгуулийн ерөнхий хорооны даргаас асуулт асууж тодруулан хариулт авч, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар нар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Асуулт асууж, үг хэлсэн гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох энэ удаагийн сонгуулийн ирц хэдийгээр бага байсан ч сонгууль харьцангуй тайван, элдэв гүтгэлэг, улстөржилтгүй, шударга болж өнгөрсөн, сонгуулийг хуулийн дагуу амжилттай зохион байгуулж явуулахад Сонгуулийн бүх шатны байгууллагууд, сонгуулийн хороо, хэсгүүдэд ажилласан төрийн албан хаагчид идэвхтэй оролцож ажилласан, сонгогчдын ирцийн явц байдал, санал хураалтын дүнг шуурхай, ил тод мэдээлж хүргэхэд техникийн дэвшлийг сайн ашигласан зэргийг онцолж байв.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 12 нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг дэмжив.

Уг хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Гучин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийг үндэслэн Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөхөөр тусгажээ.

Шинэ Ерөнхийлөгч 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдөр  тангараг өргөнө

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө. Ерөнхийлөгч тангараг өргөх өдрийг Улсын Их Хурал товлон тогтооно гэж заасны дагуу уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 40 минутад байхаар тогтоохоор тусгасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүн санал нэгтэйгээр тогтоолын төслийг дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх