Ерөнхийлөгч Х.Баттулга: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацаанд нийт шагналын 30 гаруй хувийг монгол инженерүүдэд олголоо

2021 оны 05-р сарын 28 өдөр, 19 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
01

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны тавдугаар сарын 25-ны өдрийн зарлигийн дагуу Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Ардын цол, Гавьяат цол, төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд боллоо. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулав.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Үндэсний аж үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдэд эцсийн боловсруулалт хийж, өндөр чанар бүхий олон улсын стандарт, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дэлхийн ноос, ноолууран бүтээгдэхүүний зах зээлд Монгол Улсын эзлэх байр суурийг бэхжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг үнэлж, “Таван богд” группийн Ерөнхийлөгч Цагаачийн Баатарсайхан, “Кашмер Холдинг” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Бадарчийн Ёндонжамц нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.

МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Монгол Улсын соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын ахмад уран бүтээлч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ваандангийн Боролдойд Ардын жүжигчин цол хүртээсүгэй” гэжээ.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Аж үйлдвэр, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын Гавьяат цол хүртээсүгэй” гэжээ.

МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

“Хасабэ Интернэшнл” ХХК-ийн дэд захирал Дүгэрсүрэнгийн Цэгмид,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ АГРОНОМИЧ ЦОЛООР:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны ахмад настан, ахмад тариаланч Найдангийн Басанжаа,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:

Нийслэлийн ерөнхий боловсролын 42 дугаар сургуулийн ахмад багш Равдангийн Дэлгэрмаа,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:

“Таван үндэс” ХХК-ийн зөвлөх инженер Оцолын Балдорж,

Зам, гүүр барилгын “ЗМЗ” ХХК-ийн зөвлөх инженер Цэндийн Шинэзориг,

“Том харш” ХХК-ийн зөвлөх инженер Чулууны Цэдэнбалжир,

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ахмад настан, ахмад барилгачин Чүлтэмийн Лувсанцэвээн,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР:

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Сугарын Болд-Эрдэнэ,

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Батсүхийн Нармандах,

Харш хамтлагийн дуучин Сэрчмаагийн Баасандорж,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:

“Алдар” нийгэмлэгийн тамирчин, Улсын арслан Доржпаламын Ганхуяг,

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР:

Хилчин спорт хорооны дасгалжуулагч Хишигбатын Эрдэнэт-Од,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Суудлын вагон депогийн ахмад ажилтан Гомбын Ишжамц,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛООР:

“Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа “Шижир” алтны үйлдвэрийн ерөнхий инженер Жигжидийн Ганболд,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:

Шүүхийн байгууллагын ахмад ажилтан Дашдоржийн Цэрэндулам,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны ахмад настан, ахмад хуульч Хамбарын Володъя,

Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн, ахмад хуульч Жуваагийн Шарав,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:

Санхүүгийн зохицуулах хорооны ахмад ажилтан Равсалын Ринчинбазар,

“Мөнхийн Үсэг” ХХК-ийн дотоод аудитор Гаанжуурын Бямбажав,
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус зөвлөх Лувсандагвын Энхтайван,

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Нандин соёл” эмэгтэйчүүдийн эмнэлгийн ерөнхий эмч Маамуугийн Пүрэвсамбуу,

МОНГОЛ УЛСЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

“Арвайн Хүрд” ХХК-ийн зөвлөх Пүрэвийн Алтангэрэл,

“Драгон Холдинг” ХХК-ийн захирал Самдангийн Баярт,

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал Шагдархүүгийн Хажидмаа нарт тус тус хүртээв.

СҮХБААТАРЫН ОДОНГООР:

Өмнөговь аймгийн Ноён сумын ахмад настан Түмэнгийн Жадамбаа,

Улсын ерөнхий прокурорын газрын ахмад ажилтан Дагвадоржийн Рагчаабазар,

Нийслэлийн цагдаагийн газрын ахмад ажилтан Далайхүүгийн Ядамдорж нарыг шагнав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ЭНЭ ҮЕЭР:

“Манлайлагчид, салбар салбарын гавшгайчид аа,

Төрийн цол, одон медаль хүртэгсэд ээ,

Төр байхуй дор гавьяа зүтгэлийг үнэлэхүй байдаг. Өөрт оногдсон ажил үүргийг чин сэтгэлээсээ хийх, үр бүтээл гаргах, ард түмэндээ бүх боломж, сэтгэл зүтгэлээрээ үйлчлэх нь иргэн хүний хувьд эх орон, ард түмнийхээ өмнө байгуулж байгаа гавьяа юм. Гавьяаг үнэлэх, дэмжих нь төрийн нэгэн үүрэг юм.

Цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жил төр гавьяа зүтгэл гаргасан иргэнээ шагнаж урамшуулах үйл ажиллагаа тасалдаад байсан учраас энэ удаад бид Төрийн дээд цол шагнал гардуулах ёслолыг давтамжтайгаар зохион байгуулж байна.

Монголын төр өнөөдөр баялаг бүтээгчдээ шагнаж, гавьяаг нь тодотгож байна.

“Таван Богд” группийн Ерөнхийлөгч Цагаачийн Баатарсайхан, “Кашмер Холдинг” ХХК-ийн Зөвлөх бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ёндонжамц нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгож, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Үүсгэн байгуулсан, үйлс бүтээл нь дэлгэрсэн компаниараа овоглогдсон энэ хоёр эрхмийн хийсэн бүтээсэн, босгосон зүтгэснийг нь монголчууд дэндүү сайн мэдэх учир тоочих шаардлагагүй гэж бодож байна. Ноос, ноолуурын салбарт энэ хүмүүс шинэ стандарт, шинэ чанарын жишгийг тогтоож, баялаг бүтээгчдийг үлгэрлэн дагуулж, дэлхийд гаргаж чадсан.

“Говь” ноолуурын үйлдвэр Монголын нэрийг дэлхийд таниулж байдаг онцгой брэндийг бүтээгч, ноолуурын зах зээлийн гол тоглогчийн нэг болтлоо танигдсан. Монголын үйлдвэрлэгчид дотроос дэлхийн зах зээл дээр өөрийн байр суурийг эзэлж чадсан “Говь” брэнд бол манай үндэсний бахархал, монгол чанар, онцлогийн илэрхийлэл билээ.

Энэ үйлдвэрийг үүсгэн байгуулалцаж, үндэс суурийг тавилцаж, хөл дээр нь босгож, дэлхийд таниулах ажлыг нуруундаа үүрсэн гавьяатан, баатар бол Бадарчийн Ёндонжамц мөн. Монголд ноолуур боловсруулах, түүгээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эрчимтэй хөгжих үндэс суурийг анх тавилцаж, ноос ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, гадаад харилцааг өргөжүүлэхэд түүний оруулсан бахдам хувь нэмрийг өнөөдөр үнэллээ.

Улс орныхоо хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ хэрэгцээ шаардлагыг хангахын төлөө Та бүхний хийсэн бүтээсэн бүхэнд нийт иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа талархаж, гүн хүндэтгэл илэрхийлж байна.

Мөн өнөөдөр амжилт бүтээлээ үнэлүүлж байгаа манлайлагчдын дундаас зарим хүнийг онцлон дурдмаар байна. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар өнгөрсөн жил 21 аймгийн иргэдтэй уулзах үеэр Дорнод аймгийн театрт цугласан нийт иргэд санал нэгтэйгээр Дорнод аймгийн хөгжимт драмын театрын ахмад ажилтан Ваандангийн Боролдой гуайд Ардын жүжигчин цол олгож өгөхийг надаас хүссэнийг тухайн үед дэмжиж зөвшөөрсөн юм. Театр дүүрэн хүний санал нэгтэй хүсэлт, дэмжлэг Таны хийсэн бүтээсэн гавьяа зүтгэл, олон түмний хайр хүндэтгэлийн илэрхийлэл мөн байсан учраас өнөөдөр Ардын жүжигчин цолыг нь хүртээлээ. Баяр хүргэе!

Монголчууд бид өөрсдөө бие даан томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж, гүйцэтгэж болохыг ард түмэндээ нотлон харуулж, итгэлийг сэргээж чадаж байна. Өмнө нь өндөр өртөгтэй гаднын зээл тусламжаар өрнүүлсэн бүтээн байгуулалтын дийлэнх өртгийг гадаадын компани, ажиллах хүчнүүд ажлын цалин хөлсөндөө аваад явдаг байсан бол одоо үндэсний аж ахуйн нэгжүүд, монгол инженерүүд өөрсдөө барьж байгуулж, үр өгөөжийг нь эх орондоо үлдээж чаддаг эхлэлийг тавилаа.

Тухайлбал, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал руу чиглэсэн 32.2 км хурдны авто замыг 140.3 сая ам.доллар буюу 400 орчим тэрбум төгрөгөөр, Замын цагдаагийн уулзварын 477 метрийн урттай шинэ гүүрийг 42 сая ам.доллар буюу 120 тэрбум төгрөгөөр гадны зээл тусламжаар гадаадын компани, мэргэжилтнүүд барьж байгуулжээ. Харин монгол инженерүүд үндэсний түүхэн бүтээн байгуулалт болох Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 268 км төмөр замын нийтдээ 42 гүүрийг барьж байгуулсан байна. Үр өгөөжийг нь дотоодын компани, аж ахуйн нэгжүүд хүртэж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд олгож буй нийт шагналын 30 гаруй хувийг монгол инженерүүдэд олгосон. Энэ бол үндэсний инженерүүдээ дэмжих төрийн бодлого, Төрийн тэргүүн миний байр суурь юм.

Өнөөдөр ч мөн инженерүүдээ онцгойлон анхаарч, үндэсний бүтээн байгуулагчдынхаа төлөөлөл болгож, “Таван үндэс” компанийн зөвлөх инженер Оцолын Балдорж, Зам гүүр, барилгын “ЗМЗ” компанийн зөвлөх инженер Цэндийн Шинэзориг, “Бодь Интернэшнл” компанийн ажилтан Алтангэрэлийн Мягмаржав, “Том харш” компанийн зөвлөх инженер Чулууны Цэдэнбалжир, “Улаанбаатар барилга” компанийн инженер Доржжанцангийн Лхагвасүрэн нарыг Монгол Улсын Гавьяат барилгачин, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газрын Шижир алтны үйлдвэрийн ерөнхий инженер Жигжидийн Ганболдыг Гавьяат уурхайчин цолоор шагналаа. Та бүхэнд дахин талархал илэрхийлж, баяр хүргэе.

Урлаг, спортын салбарын гавьяа зүтгэлтнүүдэд цол гавьяаг нь олгож, олон нийтийн хүлээлтийг бас биелүүллээ.

21 дүгээр зууны “Гамлет” хэмээгдсэн орчин цагийн манай шилдэг жүжигчдийн нэг, дүр бүтээлтийн мастер, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Сугарын Болд-Эрдэнэ, үеэс үед дуурьсах олон арван онцгой бүтээлийн эзэн юм. Мөн ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон “Унаган хайр” дууны эзэн, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Батсүхийн Нармандахад Гавьяат жүжигчин цол олголоо.

Улс орныхоо нэрийг тив, дэлхийн тавцанд өндөрт өргөсөн олон олон бахдам амжилтын эзэд болж, ард түмний талархал, хайр хүндэтгэлийг хүлээсэн “Алдар” нийгэмлэгийн тамирчин, Улсын арслан Доржпаламын Ганхуяг, Дархан-Уул аймгийн Дархан сумын өндөр настан Бавуугийн Намжим, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр нарыг Гавьяат тамирчин цолоор шагналаа. Удахгүй болох тэмцээнүүд амжилт гаргах урьдчилгаа төлбөр гэж бодоорой. Баяр хүргэе!

Төр иргэнээ урамшуулсан шагналаар дамжуулан хүн бүрийг Та бүхний үлгэр дуурайлаар эрхэлсэн ажилдаа эзэн болж, эх оронч зүрх сэтгэлээр зүтгэл гарган ажиллахыг, цаашид ч улс орныхоо хөгжил цэцэглэлийн төлөө хичээн зүтгэхийг уриалж байгаа юм.

Улс орныхоо өнөөгийн хөгжил дэвшлийг авчралцаж, нэр хүндийг бүтээлцсэн ахмад буурлууд, хүндэт иргэддээ баярлалаа.

Ерөнхийлөгчид оногдсон үүргээ биелүүлж, би төрийн зүгээс олгох үнэлэмж, цол, одон, медалийг гардуулж байна.

Та бүхэнд дахин баяр хүргэж, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор хөдөлмөрч хичээнгүй ардынхаа үйлс зүтгэлээр Монгол Улс хүчирхэгжин мандах болтугай” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх