Улсын хэмжээнд усны ослоор 13 хүн амь насаа алдсаны 4 нь хүүхэд байна

2021 оны 05-р сарын 20 өдөр, 12 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
us gol

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 8 аймгийн 13 сум, нийслэлийн 3 дүүрэгт 18 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 13 хүн амь насаа алдсан байна. Үүний 4 нь хүүхэд байгаа юм.

   Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр буюу 5 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх, Орхон голын адаг болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Ерөө, Сөгнөгөр зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Идэр, өврийн Богд, Алтай нурууны Ховд, Булган зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-60 см нэмэгдэж, олон жилийн дундажийг 25-135 см, Хариг, Түргэн голууд үерийн түвшинг 15-80 см, Халх Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 5 см даван үерлэж байгаа юм.

 Маргааш буюу 21-нд Туул гол Лүн сум орчимд усны түвшин 60 орчим см нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх