П.Эрдэнэчимэг: Өвчтөн бүрт хүрч үйлчлэн сэтгэл ханамжтай байлгах нь СУВИЛАГЧ бидний гол үүрэг

2021 оны 05-р сарын 12 өдөр, 17 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3rqq9
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Сувилахуйн алба нь 1929 оноос ард иргэддээ үйлчилж эхэлсэн бөгөөд 92 жилийн түүхтэй хамт олон. Тус хамт олны 85% нь төрөлжсөн нарийн мэргэжилтэй. Жил бүрийн 5 дугаар сарын 12-ныг “Олон улсын сувилагчдын өдөр” болгон  тэмдэглэж ирсэн билээ. Энэ удаад  Ерөнхий мэс заслын тасгийн ахлах сувилагч П.Эрдэнэчимэгтэй ярилцсанаа хүргэж байна. Тэрээр тус эмнэлэгт 25 дахь жилдээ ажиллаж байна.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?

Сайн сайн байна уу. Уншигчиддаа ч мөн энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие 1993 оны 6 дугаар сарын 15-нд Сувилагчийн сургууль төгсөж  Эрүүл мэндийн арван гуравдугаар төвд өрхийн сувилагчаар ажлын гараагаа эхэлж байлаа. 1996 оны дөрвөн сарын 18-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажилд орсон цагаас хойш 25 жил өнгөрчээ. Анх ажилд орохдоо л мэс заслын анхдагч болсон томчуудтай нэг баг болж ажиллаж  эхэлсэн бөгөөд тухайн үед үлгэр дууриал болж, сурган хүмүүжүүлж баг хамт олондоо найрсгаар хүлээн авсан ахлах сувилагч Б. Алтанцэцэг, Я.Бадамдорж тэргүүтэй арав гаруй сувилагч нартайгаа мөр зэрэгцэн ажиллаж байснаараа маш их бахархдаг.

Дөнгөж ажилд ороод л ерөнхий мэс заслын  хоёрдугаар тасаг дээр ажиллаж байгаад мэс заслын дараах өрөө буюу сэрээх өрөө, дараа нь боолтын сувилагч хийж  байгаад 2005 онд ерөнхий мэс заслын ахлах сувилагч болсон. Тэр үеэс хойш тасралтгүй арван долоон жил ахлах сувилагчаар ажиллаж байна.

-Танай гэр бүлийнхэн эмнэлгийн хамт олонд тань талархлын бэлэг, дурсгалын зүйлсийг гардуулсан сайхан үйл явдал болж өнгөрсөн. Тэр мэдээллийг хараад таниар их бахархаж байлаа.

Тийм ээ. Саяхан зөвлөх зэрэгт материалаа өгөх гээд бэлдэж байтал нийгмийн даатгалаа үзсэн чинь 4 дүгээр сарын 18-нд сувилагчаар орсон тушаал байна. Энэ тухайгаа хоёр охин дүүдээ  хэлсэн чинь дүү нар маань наадах чинь ямар гоё юм бэ гээд л өнгөрсөн юм. Тэгтэл Дөрөвдүгээр сарын 27-ны билэгт сайн өдрийг тохиолдуулан эмнэлгийн болон тасгийн хамт олонд маань хүндэтгэл үзүүлж, баярлаж талархсанаа 25-аар багцалсан бэлэг, хандивыг гардуулж илэрхийлсэн гэнэтийн бэлэг, үйл явдал болж өнгөрсөн.  Мөн үеэр Ерөнхий мэс заслын тасагт 25 жил хамтарч ажилласан мэс заслын зөвлөх Ц.Ишдорж эмч маань Чимгээ маань бидний бараг ээж шүү дээ гэж хэлэхийг нь сонсоод их сайхан мэдрэмж төрж байсан тасгийн болон эмнэлгийн хамт олноороо бахархаж явдаг шүү та бүхэндээ бас баярлалаа гэж хэлмээр байна.

Би чинь эхээс зургуулаа, айлын дундах хүүхэд охидуудаасаа хамгийн том нь л доо. Айлын том охидууд яадаг билээ дээ. Гэр бүлийнхэндээ бүгдэд нь л анхаарал тавьж, чадах чинээгээрээ тус дэм болдогт маань талархаж энэхүү үйл ажиллагааг ах дүү нар маань нийлж зохион байгуулсанд маш их талархаж байгаа.

Arslan.mn

Сувилагчийн ажлын цаг, ачаалал маш их. Таныг ажлаа сайн хийхэд ар гэрийн дэмжлэг хамгийн чухал. Та бидэнд гэр бүлээ танилцуулж болох уу?

Би нөхөр, хоёр хүүхэдтэй. Том хүү маань өрхийн тэргүүн болоод өрх тусгаарлан амьдардаг. Миний нөхрийг Баасанжавын Батаа гэдэг. Батлан хамгаалахын салбарт 30 жил ажилласан бэлтгэл офицер хүн бий. Бид хоёр гэр бүл болоод гучин болж байна.  Энэ хугацаанд байнга тусалж дэмжиж ирсэн. Манай хамт олон надаас илүү Батаа ахдаа их сайн шүү дээ. Ажил болохоо байлаа, ингэлээ тэглээ гэхээр зэрэгцээд л одоо яах вэ? Юу хэрэгтэй вэ? гээд надтай л нэг хамт олонд, нэг ажилд хамт ажилладаг юм шиг л байдаг.

Миний хань ар гэрийн ажилд үргэлж дэмжиж тусалж, түшиг тулгуур  минь болдог бөгөөд түүнийхээ нөмөрт л  би сайн сайхан явна даа.

-Та ямар үед өөрийнхөө мэргэжлээр хамгийн их бахархдаг вэ?

Хүний амь авраад, өвчнөөс нь салгаад, эмнэлгээс үдэж өгөх үед л хамгийн их бахархдаг даа. Олон ч удаа асарч, сувилж, эмчилгээ хийж байсан өвчтөнөө алдаж гэрийнхнийг нь дагаад уйлаад л явж байсан хэцүү үе олон байдаг.

Arslan.mn

-Сувилагч хүн ажилдаа ямар зарчмыг эрхэмлэх ёстой байдаг вэ?

Хамгийн гол үнэт зүйл бол үнэнч байх. Ямар нэгэн юм буруугаар эргэвэл хүний амь нас эрсдэх аюултай учраас ямар ч буруу зүйл хийсэн буруугаа хүлээдэг байх. Хоёрдугаарт хүнийг ялгаварлахгүй байх хэрэгтэй.

Биднийг зориод ирж байгаа хүн бүрт сэтгэл, зүтгэл гарган тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, тухайн хүний биеийн байдлыг ажиглаж, шаардлагатай эмчилгээг цаг тухайд нь эмчийн заавраар зөв гүйцэтгэж өвчтөн бүрт хүрч үйлчлэн сэтгэл ханамжтай байлгах нь л бидний гол үүрэг юм даа.

-Танай тасаг нь УНТЭ-ийн хамгийн их ачаалалтай тасгийн нэг. Тасгаа бидэнд танилцуулна уу?

Манай Ерөнхий мэс заслын тасаг нь 1928 онд байгуулагдсан МУ-ын эрүүл мэндийн салбарын ууган тасгийн нэг бөгөөд өнөөдрийн байдлаар 11 эмч, 22  сувилагч, туслах сувилагчтайгаар ард иргэддээ үйлчилж байна. Жилдээ манай тасгаар 3,220 орчим хүн эмчлүүлдэг. Статистик мэдээлэл сонирхуулбал 2009 онд манай тасаг 85 ортой байсан бол өнөөдөр бид 65 ороор иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа хэдий ч үйлчлүүлэгчдийн тоо гурав дахин өссөн үзүүлэлттэй байна.

Энэ нь  эмчилгээний шинэ  технологиудыг тасралтгүй нэвтрүүлж , эмч, сувилагч мэргэжилтнүүдийн чадвар сайжирсантай шууд холбоотой.

-Эрүүл мэндийн салбарынхан үргэлж хамгийн сайн суралцагчид байдаг. Таны хувьд мэргэжил дээшлүүлэх, мэргэших сургалтуудад хэдийд хамрагдсан бэ?

Эмнэлгийн мэргэжилтэн  байна гэдэг нь өөрөө насан туршдаа суралцахын шаарддаг. 1993 онд сургуулиа төгсчхөөд 2001 онд мэс заслын сувилагчийн курсийг дүүргэж, мөн ондоо Сувилагчийн сургуулийн хамгийн анхны бакалаврын оройн ангид элсэн орж 2003 онд төгсөж байсан. 2016 онд Этүгэн их сургуульд сувилахуйн магистрт суралцан 2018 онд төгссөн. Энэ хугацаанд 2004 онд сувилагчийн ахлах зэргийг 2016 онд сувилагчийн тэргүүлэх зэргийг хамгаалсан. Энэ жил зөвлөх зэрэгт материалаа өгчхөөд шалгалтаа  хүлээгээд байж байна.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Танд Олон улсын сувилагч нарын баярын мэнд хүргэе ээ.

Баярлалаа. Мөр зэргэцэн ажиллаж буй эмнэлгийн эмч, тусгай мэргэжилтнүүд болон ахмад үе, салбарын нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ баярын мэнд хүргэе. Та бүхэнгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээг төсөөлөлшгүй. Та бүхний маань инээмсэглэлээр өвчтөн, үйлчлүүлэгчид маань эдгэрч байдаг юм шүү.

Arslan.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх