2-р сарын 23-ны өдөр Монгол Улсад цар тахлын эсрэг вакцинжуулалтын ажлыг “Астразенека” вакцинаар анх эхлүүлж байсан бол 5-р сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд “Ковид-19”-ын эсрэг вакцины 1-р тунгийн хамрагдалт 80 хувь, 2-р тунгийн хамрагдалт 30,4 хувьд хүрээд байна. Үүнээс нийслэл Улаанбаатар хотод 900,130 хүн вакцины 1-р тунд хамрагдаж 94 хувьд хүрээд байгаа бол 479,229 хүн 2-р тунгаа хийлгэжээ. Хөдөө орон нутагт 742,900 хүн 1-р тун, 148,850 хүн 2-р тундаа хамрагдаад байна.
Аймгуудаас Өмнөговь аймаг улсын хэмжээнд вакцинжуулалтаар тэргүүлж байгаа бөгөөд дархлаажуулалтад хамрагдвал зохих нийт иргэд 1-р тунгаа 100 хувь хийлгэсэн, 30 гаруй хувь нь 2-р тунгаа тариулжээ. Араас нь Дорноговь , Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймгууд вакцинжуулалтаар тэргүүлж байгаа бол Баян-Өлгий, Увс аймгуудын хувьд тээвэрлэлтийн явцаас хамаарч бага зэргийн удаашралтай байна.