Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга төв талбайд өлсгөлөн зарлаж буй УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй өнөөдөр уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ардчилсан намын бүлгийн гишүүдийн байр суурь, санал хүсэлтийг сонссоныхоо дараа, “Би өнөө өглөө ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржтой уулзах үеэрээ ‘Та тулхтай улс төрч хүн тул УБЕГ-ын Хяналтын улсын байцаагч Д.Чинтулгын хуурамчаар тамга үйлдсэн асуудлыг шийдвэрлэх байх гэж бодож байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар та бүгдийн майхан, гэрийн асуудлыг шийдэж өгөх ёстой.
УИХ-ын дарга Г.Занданшатар бол та бүхнийг удирдаж байгаа ангийн дарга хүн. Та бүхний ярьж, хэлж байгаа асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх ёстой. Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ ямар гэгээн бодолтой, улс орны хөгжил ярьж байсан билээ? Сая түүхэнд анх удаа долоон минутын хугацаанд хууль баталлаа. Би та бүхэнтэй санал солилцох гэж ирсэн. Хэвлэл, мэдээллийнхэн их байна гэж бодсонгүй. Энэ бол Ардчилсан намын асуудал биш. Монгол Улсын ирээдүй, ардчилалтай холбоотой асуудал. Би 2017 онд Ардчилсан намаас нэр дэвшиж, олон зуун мянган хүний санал авсан учраас та бүхний асуудалд санаа зовж байгаа. Харамсалтай нь эрх баригч нам маань пост коммунист намын үүр уурхай, үр удам хэвээр байгааг сүүлийн хоногуудад харж байна. Эрх баригч нам үнэхээр олонх байна, эрх мэдэлтэй байна, мөнгөтэй байна, оффшорчид дийлдэхгүй байна. Монгол ялагдаж байна гэж бодож байна” гэлээ.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдлын талаар сэтгүүлчийн асуултад, “Бүх зүйл баримттай. Үндсэн хуулийн цэц ямар шийдвэр гаргав? Сонгуулийн ерөнхий хороо ямар шийдвэр гаргаж байна вэ? Энэ бүхний цаана эрх мэдэлтнүүдийг худалдан авч байгаа оффшорын мөнгө байгаа шүү дээ. Энэ хүмүүс эрх мэдлийг мөнгөөр, сонгуулийг мөнгөөр авдаг. Сү.Батболд бол энэ бүхний гол толгойлогч. Энэ хүний данс олон улсын шүүхэд илэрсэн учраас ийм зохион байгуулалттай бужигнаан үүссэн. Эрх баригч нам үнэхээр олонх байна, эрх мэдэлтэй байна, мөнгөтэй байна, оффшорчид дийлдэхгүй байна” гэж хариуллаа.