Манай улс Коронавируст халдварын цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдалд онцгой анхаарч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг халдвараас сэргийлэх, хянах эмнэлгийн дотоод халдварын хяналтыг сайжруулах хүрээнд 2021 оныг ЭМС-ын А/178 дугаар тушаалаар “Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал”-ын уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон билээ.
Улсын гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/ өөрийн байгууллагын хэмжээнд 2021 оныг “Мэс заслын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилтот жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд сувилагч мэргэжилтэнд чиглэсэн олон талт үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж байна.
Тус эмнэлэг жил бүрийн “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг угтан сувилагч мэргэжилтнүүдийнхээ эрдэм судлалын ажлыг дэмжиж, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж, үйлчилгээг үзүүлэх, мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, сувилахуйн шинжлэх ухааны шинэ арга технологийг нэвтрүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор нийт сувилагч мэргэжилтнүүдийн дунд Үндэсний хэмжээний сургалт семинарыг зохион байгуулдаг уламжлалтай юм.
Энэ удаа дэлхий нийтийн хэмжээнд шинэ коронавируст халдварын цар тахлын онцгой нөхцөл байдал үүсэж, улс орны хэмжээнд халдвараас сэргийлэх хариу арга хэмжээний бэлэн байдал, тохиолдлын удирдлагын тогтолцоонд шилжин ажиллаж байгаатай холбогдуулан бид нийт сувилагч мэргэжилтнүүдийнхээ Үндэсний VII сургалт семинарыг хоёр дахь удаа цахим хэлбэрээр “Сovid-19 үеийн мэс засал мэдээгүйжүүлэгийн сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдэв дор 2021 оны 5-р сарын 07-ны өдөр буюу өнөөдөр зохион байгуулж байна.
Өнөөдрийн энэхүү үндэсний хэмжээний сургалт семинарт олон улс, нийслэл, орон нутгийн 40 гаруй эрүүл мэндийн байгууллагын 700 гаруй сувилагч, эх баригч мэргэжилтэн, 63 эрдэм судлалын бүтээл ирүүлэн оролцож байгаагаас 11 боловсролын илтгэл, 10 судалгаа илтгэлийг цахим хэлбэрээр хэлэлцүүлж байна.
Мөн хуралд ЭМЯ, ЭМХТ, Тайвань, АНУ, Япон, Тайланд улсын их дээд сургуулийн профессор, эрдэмтэн доктор сувилагч мэргэжилтнүүд цахимаар оролцож, сувилагч мэргэжлийн хөгжлийн чиг хандлага, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээний орчин үеийн мэдлэг, ур чадвар, хандлага, өндөр хөгжилтэй улс орнуудын ололт амжилтын талаар боловсролын лекц уншиж туршлага солилцох, үндэсний сувилагч мэргэжилтнүүд өөрсдийн туурвисан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээ хэлэлцүүлж мэргэжил нэгт сувилагч судлаачдад таниулж, олны хүртээл болгон туршлагаа хуваалцаж байна. Түүнчлэн цаг үеийн байдалтай холбоотой шинэ кронавируст халдварын талаар сувилагч мэргэжилтнүүдэд зориулсан мэдэээлэл, судалгааны илтгэлүүд уншигдаж байна.
Энэ үеэр УГТЭ-ийн Сувилахуйн албаны дарга Д.Тунгаамаа хэлэхдээ, “Энэ удаагийн Үндэсний хэмжээний сургалт, семинарыг өнөөдөр цахимаар зохион байгуулж байна. Өнөөдрийн хуралд хөдөө орон нутаг болон нийслэлийн 40 гаруй эрүүл мэндийн байгууллагын 600 гаруй сувилагч, эх баригч, тусгай мэргэжилтнүүд оролцож байна. Сургалт, семинарын гол онцлог нь гадаадын өндөр хөгжилтэй орнууд туршлагаас мэргэжил нэгт нөхдөдөө хуваалцах, мөн Тайваний Үндэсний Их Сургууль, Япон улсын Хёого Их Сургуулийн зочин багш, Япон улсын Мие Их Сургуулийн зочин профессорууд лекц унших бол манай эмнэлгийн хорь гаруй сувилагч, тусгай мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.” гэдгийг онцлов.
Үргэлжлүүлэн УГТЭ ММЗНТ-ийн сувилагч С.Уранчимэг “Өнөөдрийн сургалт, семинарт миний бие “Ковид-19″ халдвар аваад эмчлүүлэгчдэд мэдээгүйжүүлгийн тусламж үйлчилгээний үед халдвараас сэргийлэх, авах арга хэмжээ сэдвээр илтгэл тавилаа. Энэхүү сургалт, семинарт цахимаар оролцож байгаа мэргэжил нэгт нөхдөдөө ажлын амжилт хүсье.” гэлээ.