Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тус дугаарт өчигдөр буюу тавдугаар сарын 3-нд иргэдээс нийт 249 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 16 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.57 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 32 иргэн хандсанаас 15 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 17 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажиллалаа.
Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 79 буюу 48 хувийг замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл бүхий QR кодын талаар, 20 буюу 12 хувийг дархлаажуулалтад хэзээ, хаана, хэрхэн хамрагдах тухай, 66 буюу 40 хувийг бусад дуудлага эзэлж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын 114 цэгт 296 багийн 2310 эмч, ажилтан ажиллаж, 75632 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.
1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье.
-Хөдөө, орон нутгийн иргэд хэрхэн вакцинд хамрагдах вэ?
-18-аас дээш насны нийслэлийн иргэд харьяа дархлаажуулалтын цэг дээр вакцинд хамрагдана. Харин хөдөө, орон нутгийн харьяатай иргэд өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэг дээр иргэний үнэмлэхтэйгээ очиж, I, II тундаа хамрагдах боломжтой.
-ПСР шинжилгээ хаана авч байгаа вэ?
-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох иргэд болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. Мөн дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлэн шинжилгээнд хамрагдана.
Тавдугаар сарын 4-нд дараах цэгүүдэд ПСР шинжилгээ авна.
- Баянгол дүүрэг- 13 дугаар сургууль.
- Сүхбаатар дүүрэг-31 дүгээр сургууль
- Чингэлтэй дүүрэг-50 дугаар сургууль
- Баянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
- Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын “Номин” агуулахын гадна талбай
- Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ