Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд дархлаажуулалтын хоёр дахь тунг хийлгэж эхэллээ

2021 оны 04-р сарын 26 өдөр, 16 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
image_50432257

 Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд дархлаажуулалтын хоёр дахь тунг өнөөдрөөс хийлгэж эхэллээ. Эхний ээлжид зорилтот бүлгийн буюу дархлаажуулалтын хариу арга хэмжээ авч ажиллаж буй эмнэлэг, онцгой, цагдаагийн байгууллагын албан хаагчид хамрагдаж байна. Вакцин хоорондын зай 28-аас дээш хоногт хийгдэх заалттай аж. Хоёр дахь вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дараа дархлаа тогтоно хэмээн үзэж байна. Мэргэжлийн эмч нарын баг дархлааны тогтцын судалгаа хийж байгаа бөгөөд тухайн хүн хүсвэл Медипас эмнэлэгт дархлааныхаа тогтцыг үзүүлэх боломжтой юм. Вакцинд хамрагдах хүмүүс сэтгэл зүйн бэлтгэлтэй байхыг мэргэжлийн хүн анхааруулсан. Хятадын “Sinopharm” үйлдвэрийн “VeroCell” вакцины дархлааны тогтоц 50-67 хувьтай болохыг тогтоожээ. Анхны вакцинжуулалтад 734 ажилтан буюу Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын 97 хувь нь хамрагдаад байна. Үлдсэн хүмүүс нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчийн заавраар хойшлуулагдсан аж. Эдгээр хүмүүст эмчилгээ хийж, биеийн байдлаас нь шалтгаалан вакцины анхны тунг хийхээр төлөвлөжээ. “Эрдэнэт” сувиллын цогцолборын Үйл ажиллагаа эрхэлсэн орлогч – Ерөнхий эмч Ж.Ганчимэгээс зарим зүйлийг тодруулахад: “Одоогийн байдлаар үйлдвэрийн хэмжээнд коронавирусын батлагдсан тохиолдол 38 гарсан. Үүнээс Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 6 хүн эмчлүүлж байна. Эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд хөнгөн хэлбэрийнх байгаа. Хүндэрсэн болон бусад тохиолдол гараагүй. Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд PCR-ын шинжилгээг  өдөрт 100-150 хүнээс тогтмол авч, гэрийн ажиглалтад болон ойрын болон дам хавьтлын хүмүүст хяналт тавин ажиллаж байна. Ойрын хавьтлын 250, дам хавьталд 130 гаруй хүн бүртгэгдсэн. Гэрийн ажиглалтад 400 гаруй хүн байна. 210 гаруй хүнд GPS код суулгахаар болсон. Манай үйлдвэрийн ажилтан бүхэн ажил гэр гэсэн маршрутыг эрхэмлэж явах нь зүйтэй. Хүмүүс гэрээс цахимаар ажиллах үедээ ах дүү, найз нөхдөөрөө нэг дор цуглаж, бие биеийнхээ гэр орноор орж гарахгүй байх хэрэгтэй. Учир нь тохиолдлоор ойр дотнын хүмүүс нь халдвар авахад манай ажилтнууд дам хавьталд өртөж болзошгүй байна” гэв.

Т.Батчулуун

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх