Цар тахлын халдвар ихэсч, хатуу хөл хорионы дэглэмийн хугацааг 14 хоног сунгаад байгаа. Тэгвэл Монголын Залуучуудын Холбооноос энэхүү 14 хоногийг залуучууд өөрсдийгөө хөгжүүлэх, өөрсдийгөө боловсруулах, нийгэмд эерэг хандлага түгээх цаг хугацаа болгон ашиглая хэмээн залуучуудыг уриалж “Ангид бай” аян зарлаж байгаа талаараа өнөөдөр мэдээллээ. Тэд энэхүү аяны хүрээнд:
Сошиалын зохисгүй хэрэглээнээс ангид бай
Хорт муу зуршлаас ангид бай
Халдвар, хамгааллын дэглэмээ зөрчихөөс ангид бай
Хайртай хүмүүсээ эрсдэлд оруулахаас ангид бай
Хууль зөрчсөн үйлдлээс ангид бай гэсэн уриалгыг гаргаж байгаа юм байна.
Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од халдварын тархалт ихэссэн энэ үеүдэд халдвар хамгааллын дэглэмээ зөрчихөөс ангид байх, аль болох олон хүн цуглахгүй байх, тэр тусмаа улс төрийн ямар нэгэн шахалт, дарамтанд орж, жагсаал цуглаанд оролцохгүй байх, улс төрийн бохир нөлөөллөөс ангид бай гэж залуучуудаа уриалж байгаа юм байна. Үүнээс гадна цахим орчин дахь зохисгүй хэрэглээ, хуулт зөрчсөн аливаа үйлдлээс ангид байхыг уриаллаа.
Ингээд тус аяныг дэмжин оролцож байгаа залуучуудын төлөөлөл мөн үгээ хэлж, уриалгаа дамжууллаа.
Тухалбал жүжигчин Ш.Мөнхбаяр тамхи архи, согтууруулах, мансууруулах ундаа гэх мэт хорт зуршлаас хол байхыг уриллаа.
“Татар” хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун сошиал орчинд соёлтой хандлагыг би болгохыг уриаллаа.
Дуучин С.Гантогоогийн хувьд Хууль зөрчсөн үйлдлээс ангид байх уриалгыг дэвшүүллээ. Түүний хувьд дунд сургуулийн орчинд ялгаварлан гадуурхалт явуулахыг хүчтэй эсэргүүцэж байгаа. Тэр ч утгаар нийт Z үеийнхнээ хууль зөрчсөн аливаа ямар нэгэн үйлдлээс ангид байгаарай гэж уриаллаа.
Жүжигчин Р.Отгонбаяр сошиал орчинд хараагүй, үзээгүй зүйлээ ч харсан юм шиг мэдэмхийрэн бичдэг, худлаа зүйлийг дэвэргэдэг бүхнээс татгалзаж, ухаалаг хэрэглээтэй байя гэж уриаллаа.
Оюутнуудын төлөөлөл болсон оюутан Д.Минжмаа оюутнуудын зүгээс үр холбогдлыг нь сайн ойлгоогүй мөртлөө улстөрчдийн үгэнд итгэх, үйл ажиллагаанд нь оролцох тохиолдол гардаг. Тийм учраас оюутнуудаа “Бохир улстөрөөс хол байя” гэж уриаллаа.
Take Off хамтлагийн дуучин “Сумандаа сайхан амьдарья” хөдөлгөөний үүсгэн байгуулагч Д.Баясгалан Монгол орныхоо бүх сумдаар тойрж, судалгаа, сурвалжлага хийж байгаагийн хувьд Монголчууд Монголоороо байх нь чухлыг сануулж, гадны орны соёлд хэт автагдахгүй байж, үндэснийхээ соёл, зан заншлыг дээдэлж байхыг уриаллаа.
Ингээд эерэг болгоныг дэлгэрүүлэх аяныг дэмжин оролцоорой гэж Монголын залуучуудын холбооноос уриалж, муу бүхнээс ангид байхыг хүсэн ерөөлөө.