БНСУ-ын Засгийн газраас хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад 2021 оны 4 сарын 13-аас гэрээний хугацаа нь дуусч байгаа иргэдийн визийг 1 жилээр сунгах шийдвэр гаргасантай холбогдуулан Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах хөдөлмөрийн гэрээт иргэддээ хандан мэдээлэл хийлээ. Д.Баярмандах даргын хийсэн мэдээллийг хүргэж байна.
“БНСУ-ын Засгийн Газраас Ковид-19 цар тахлаас болж хилээр орж гарахад хүндрэлтэй байгаа гадаад ажилчид болон ажиллах хүчний хомстлоос үүдэн жижиг дунд үйлдвэр, хөдөө аж ахуй, загас ан агнуурын салбарт тулгарч буй хүнд нөхцлийг шийдвэрлэх зорилгоор 2021 оны 4 сарын 13-аас 12 сарын 31-ний хооронд Солонгос улсад оршин сууж буй болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусч байгаа гадаад ажилчдын оршин суух болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг 1 жилээр сунгахаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэр нь Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн тухай хуульд өнгөрсөн 3 сард нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдон гарсан шийдвэр юм.
Засгийн газраас Гадаад ажилчдын бодлогын хороог хуралдуулж хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа нь 2021 оны 4 сарын 13-аас 12 сарын 31-ний хооронд дуусч байгаа E-9, H-2 визтэй иргэдийн оршин суух болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг 1 жилээр сунгах шийдвэр гаргажээ.
Иймд энэхүү 1 жилийн сунгалтад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу хөдөлмөрийн гэрээний 3 жил болон 4 жил 10 сарын хугацаа нь дуусч буй гэрээт ажилчид хамрагдана.
Үүнд,
– E-9 визтэй хөдөлмөрийн гэрээт ажилчдын хувьд оршин суух болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг 50 хоногоор автоматаар сунгасантай адилаар хугацаа дуусвал 1 жилээр сунгаж байгаа.
– Айлчлан ажиллах виз H-2-ын хувьд хөдөлмөрийн хэлтсээс тусгай заалтын ангилалд хамрагдах тухай бичгийг үндэслэн 1 жилийн сунгалт хийгдээ байна.
Мөн Тогтвортой нөхцлөөр дахин ирж ажиллаад 4 жил 10 сарын гэрээний хугацаа нь дээрх 2021 оны 4 сарын 13-аас 12 сарын 31-ний хооронд дуусч байгаа иргэдийн виз ч 1 жилээр сунгагдаж байгаа юм.
Харин энэхүү сунгалтад гэрээний хугацаа нь 2021 оны 4 сарын 13-ны өдрөөс өмнө дууссан, Ковид цар тахлын улмаас хилийн хоригоос болж нутаг буцаж чадалгүй оршин суух хугацааны түр сунгалт хийлгэн хил нээгдэхийг хүлээж буй иргэд хамрагдахгүй ажээ.
Та бүхэн виз сунгагдсан эсэхээ www.hikorea.go.kr вэбсайт руу нэвтрэн 체류만료일조회 цэс рүү орж гадаад паспортын дугаар, төрсөн он сар өдөр гэсэн мэдээллээ оруулж улсынхаа нэрийг сонгоод шалгах боломжтой.
Энэ талаарх асууж лавлах зүйл байвал БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны Гадаад ажилчдыг хариуцсан хэлтсийн мэргэжилтэн У Жи Ёньтой 044-202-7145 дугаарын утсаар холбогдон лавлаж болно.
БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ли Жэ Габ “Ковид-19 цар тахлаас болж гадаадаас ажиллах хүч хилээр орж гарахад хүндрэлтэй нөхцөлд жижиг дунд үйлдвэр, хөдөө аж ахуй, загас ан агнуурын салбарт ажиллах хүч авч ажиллуулахад нэн хүндрэлтэй энэ цаг үед гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэх хугацааг 1 жилээр сунгах шийдвэр нь цаг үеэ олсон ба гадаад ажиллах хүч болон ажил олгогч нарын хувьд хүндрэлтэй, ажиллах хүчний хомстолтой байгаа энэ цаг үед бага ч болов хувь нэмэртэй байгаасай хэмээн хүсэж байна” гэдгээ илэрхийлсэн байна.
Хууль зүйн сайд Пак Бом Гэ “Энэ удаагийн гаргасан шийдвэр нь ажиллах хүч хомстолтой байгаа жижиг дунд үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэх салбаруудад тус дэмтэй байх гэж найдахын сацуу цар тахлын нөхцөл байдал намжвал шинээр ирэх гэрээт ажилчдын хувьд аль болох хурдан ирж ажил хөдөлмөрөө эрхлэн хэвийн байдалдаа эргэн орохыг хүсч байна” гэв.
БНСУ-д Е-9 болон Н-2 визтэй 70 000 – 110 000 гэрээт ажилчид дээрх сунгалтад хамрагдахаас Монгол Улсын 849 хөдөлмөрийн гэрээт иргэд оршин суух болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаагаа 1 жилээр сунгуулахаар болжээ гэж БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс мэдээллээ.