1990.04.07 буюу одоогоос 31 жилийн өмнөх энэ өдөр Ардчилсан нам анхдугаар их хурлаа хийж байв. Ийм учраас эл өдрийг Ардчилсан намын баярын өдөр гэж нэрлэн, дүрэмдээ зааж өгсөн байдаг аж. Энэ жилийн баярын арга хэмжээ дөнгөж сая С.Зориг агсны хөшөөн дээр цомхон болж өнгөрсөн бөгөөд түүн дээр Ардчилсан намын шинэхэн дарга О.Цогтгэрэл 2 ч томхон хэмжээний мэдэгдлийг хийлээ.
Тэрээр Ардчилсан намаас салсан намууд, задарсан хэсгүүд, татгалзсан гишүүдээ эргэн нэгдэж Ардчилсан намаа “бүтэн” болгохыг зорьж байгаагаа дуулгалаа. Мөн 4 дүгээр сарын 20 буюу С.Зориг агсны төрсөн өдрөөр түүнд Монгол улсын баатар цолыг нэхэн олгох санаачлагыг ерөнхийлөгч рүү хүргүүлэхээ дурдлаа. Иймд өнөөдрөөс эхлээд ард иргэдийг С.Зоригт улсын баатар цол олгох санаачлагад нэгдэж гарын үсгээ зурахыг уриаллаа.
Арга хэмжээнд АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Социал демократ намын анхны дарга Б.Бямбажаргал, дүүргүүдийн АН-ын дарга нарын тэргүүтэй Ардчилсан намын гишүүд оролцлоо.
Уг санаачлагыг дэмжиж онлайнаар https://form.jotform.com/210953594856468 линкээр нэгдэж болох ажээ.