“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчдыг “Ковид-19” халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх дархлаажуулалт эхэлсэнтэй холбогдуулан үндэсний үйлдвэрлэгчдийн нэг, Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй тусгай хамгаалалтын хувцас үйлдвэрлэгч “Бэкко” ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд 500 ширхэг хормогч хандивлалаа. Коронавирусын халдвар илэрснээс хойш тус байгууллага нь Эрүүл мэндийн яам, Орхон аймгийн БОЭТ зэрэг эмнэлгийн байгууллагуудад өөрсдийн үйлдвэрлэдэг нэг удаагийн тусгай хувцас хандивлан цар тахалтай тэмцэх үйл ажиллагааг дэмжиж иржээ. Энэ үеэр “Бэкко” ХХК-ийн захирал Б.Бэхбаяр, Цар тахлаас урьдчилан сэргийлж уурхайчдаа дархлаажуулж буй үйлдвэрийн удирдлагууд, холбогдох хүмүүст баяр хүргэж ажлын амжилт хүссэн бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Вакцинжуулалт хийснээр зогсолтгүй үйл ажиллагаатай уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, айх айдасгүйгээр, уурхайчид төлөвлөгөөт ажлаа амжилттай гүйцэтгэх боломжтой болж байгааг онцоллоо.
“Бэкко ХХК нь Эрүүл мэнд, хүнс болон хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгдэх нэг удаагийн тусгай зориулалтын хормогч, өмсгөлийг эх орондоо анх удаа үйлдвэрлэснээрээ онцлог бөгөөд тус өмсгөлийг шингэн болон хуурай химийн бодистой ажиллах, гоц халдварт өвчний голомт, ариутгал, халдваргүйжүүлэх ажил хийх, цацраг идэвхт бүсэд ажиллах, хор цацах зэрэг үйл ажиллагаанд хамгаалах зориулалтаар ашигладаг юм.
Э.Мөнх-Уянга