Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч бусдад зодуулж, гэмтсэн харамсалтай хэрэг энэ сарын 28-29-нд шилжих шөнө гарсан билээ.
Харамсалтай нь, зодуулсан цэргийн албан хаагч биедээ хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн. Харамсалтай нь, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан байлдагч урьд шөнө биеийн байдал нь хүндэрч, нас барсан байна.
Хэргийн талаар эргэн сануулбал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Г нь гуравдугаар сарын 28-ны өдөр харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ харуулд гарч байсан байлдагч Б-ын биед халдан хүнд гэмтэл учруулсан. Гэмтэл авсан хугацаат цэргийн алба хаагчийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт цаг алдалгүй хүргэж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж байгаа талаар албаныхан мэдээлж байв.
Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхөд хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.