Ц.Цогтбаатар энэ сард хоёр Их дуулгаас алтан медаль хүртлээ

2021 оны 03-р сарын 29 өдөр, 13 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
08ea3fb337d7e89cdc44f7476d435a7f_large

 Тбилиси хотноо үргэлжилж байгаа Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээний хоёр дахь өдөр Монголын баг тамирчдаас дахин алтан медалийн эзэн тодорлоо.

Энэ удаа эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар жиндээ тэргүүлэв. Тэр 3 дугаар сард хоёр дахь Их дуулгадаа түрүүлж байгаа бөгөөд сарын эхээр Ташкентын Их дуулгад гавьяат тамирчин М.Уранцэцэгийн хамт аваргын алтан медаль хүртсэн билээ.

Тбилисийн Их дуулгад Ц.Цогтбаатар эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Португалын Жоао Фернандог иппоноор ялсан. Гуравдугаар тойрогт Италийн Эспосито Жиованниг мөн л цэвэр /иппон/ яллаа. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Гүржийн Алеко Мамиашвилиг давсан бол хагас шигшээд Косовогийн Акил Гжаковаг нэмэлт цагт ялав.

Аваргын төлөө Канадын жүдоч Артур Маржелидонтой хүч үзэж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар багтаа 2 дахь алтан медалийг авчирч, тэргүүллээ.

Тэмцээний 2 дахь өдрийн байдлаар Монгол Улсын шигшээ баг 2 алт, 1 хүрэл медальтай тэмцээнд оролцсон 80 орны баг тамирчдаас тэргүүн байрт явна. Түүний чансаа “Ташкентын Их дуулга” тэмцээний дараа 3908 болж жиндээ 11 дүгээрт бичигдэж байсан бол Тбилисид түрүүлснээр 1000 оноо нэмэгдэж 7-6 байраар лавтай урагш ахиж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх