С.Зоригийн хэрэгт холбогдох нууц мэдээллийг ил болгох асуудлыг судлан үзэж, шийдвэрлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

2021 оны 03-р сарын 29 өдөр, 11 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Suld

Нэр бүхий 13 өмгөөлөгчөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлж, С.Зоригийн хэрэгт холбогдох нууц мэдээллийг ил болгох асуудлыг судлан үзэж, шийдвэрлэхийг хүслээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын 9 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байгаа нэр бүхий 13 өмгөөлөгчөөс эрүүгийн хэргүүдийн материалыг ил болгох талаар тодорхой арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүссэн юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ХАНДСАН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХҮСЭЛТЭД:

“Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх дээрх хэрэг болон шүүх хянан шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болсон С.Зоригийн амь насыг хөнөөсөн 830142 дугаартай хэргийн материалууд нь “маш нууц” зэрэглэлтэй боловч Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Төрийн нууц мэдээллийг ил болгох тухай” тогтоолоор холбогдох эрүүгийн хэргээс зарим дүрс бичлэгийг төрийн нууцаас гаргаж ил болгосон.

Мөн С.Зоригийн амь насыг хохироосон гэх Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргээс 61, 62-482 дугаар хуудас, 13 дэвтэр, 7 гар бичвэр, зэргийг Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 94, 95 дугаар тогтоолоор хэргийн нууцаас гаргаж ил болгосон гэх боловч тэдгээр баримттай танилцах боломжгүй хэвээр байна.

Энэ хэргийн тодорхой хэсэг нь төрийн нууцаас гарсан тул бид 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр холбогдох Эрүүгийн хэргүүдийг төрийн нууцаас гаргаж ил болгуулах тухай хүсэлтийг хүргүүлж байсан боловч одоо болтол хариу аваагүй байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч биш нэр бүхий улс төрчид хэрхэн олж мэдсэн нь тодорхойгүй ч хэргийн болон шүүх хуралдааны явцад дурдагдсан зарим мэдээллийн өөрсдөд ашигтай байж болохоор хэсгүүдийг олон нийтэд удаа дараа задруулсаар байна. Үүнд төрийн маш нууц зэрэглэлтэй мэдээлийг хууль бусаар задруулсны дараа Засгийн газрын тогтоолоор ил болгож, нөхөн залруулсан хоёр удаагийн асуудал хамаарч байгаа болно. Цаашид ч улс төрийн хувьд ашигтай гэж үзсэн тохиолдолд төрийн нууцыг задруулсаар байхыг үгүйсгэхгүй юм.

Өмгөөлөгч нарын хувьд хууль тогтоомжийн хүрээнд хэргийн талаар мэдээлэх боломжгүй нөхцөл байдлыг далимдуулан нэр бүхий улс төрчид өөрсдийн улс төрийн нэр нөлөө, боломжийг ашиглан бодит байдлыг гуйвуулсан мэдээллийг түгээж, олон нийтийг төөрөгдүүлж байна.

Төрийн болон албаны нууцын тухай хуульд нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас нууцад хамааруулсан мэдээллийг цаашид нууцлах шаардлагагүй болсон, нууцлах хугацаа дуусгавар болсон тохиолдолд мэдээллийг ил болгохоор зохицуулсан. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн тул түүнтэй холбоотой мэдээллийг нууцлах шаардлагатай байсан нөхцөл байдал өөрчлөгдсөн, нууцлах хугацаа дуусгавар болсон” гэжээ.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт “Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг энэ зүйлийн 19.1.2-т заасан үндэслэлээр нууцлах хугацаа дуусахаас өмнө ил болгох эсэхийг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ” гэж зохицуулсан тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир дээрх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилж, хувийг өмгөөлөгч Б.Мэргэн нарт хүргүүлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх