Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг бүрэн хориглолоо

2021 оны 03-р сарын 27 өдөр, 12 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5ff99c13ac660-6zc5x4zefhli2e9agw4x8fcsd4g4p2tz2digxlh9tmo

УОК-ын X дугаар хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 26-ны баасан гаригт болж, халдварт цар тахлын тархалтын нөхцөл байдал, тархалтыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, УОК-ын дэргэдэх эрдэмтэн судлаачдын санал,  худалдаа үйлчилгээний байгууллагуудад хийгдэж буй хяналт, шалгалтын дүнгийн талаарх танилцуулга мэдээллийг тус тус сонсож,  хэлэлцэн  дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Коронавирусын халдварын тархалт нэмэгдэж, эрсдэл ихсэж буй учир  Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан/эрүүл мэнд, буяны ажил/-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр/хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай/-ийн тээвэрлэгчдийг тухайн зорьж буй аймгийн Онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийг  хатуу мөрдүүлэн нэвтрүүлэхээр боллоо. Зайлшгүй шалтгаанаар зорчиж байгаа тэдгээр иргэдийг тухайн орон нутгийн Онцгой комиссын шийдвэрээр 5-7 хоног заавал тусгаарлахыг аймаг орон нутгийн засаг дарга нарт үүрэг болгов. Орон нутаг руу чиглэсэн бусад хөдөлгөөнийг бүрэн хориглолоо.

Мөн  Энэ хугацаанд буюу 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс тус хоёр аймгийн нутаг дэвсгэрт орших хилийн бүс орчмын сумдын иргэдийг коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулах ажлыг эхлүүлэхээр боллоо.

Халдвар илэрсэн Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Төв, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Увс аймгуудыг халдварын тархалтын Улаан түвшинд  2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас  2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00  цаг хүртэлх хугацаанд шилжүүллээ. Харин нийслэлд халдварын тархалтын Улбар шар түвшинд шилжсэн хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргалаа.

Нийслэл болон орон нутагт үүсээд буй халдварын тархалт түүний эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өргөн хүрээнд ариутгал халдваргүйтгэлийг нийтийн эзэмшлийн зай талбайд хийх, улсын онц чухал болон нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий объект, байгууллагад халдвар хамгааллын хатуу дэглэм тогтоож, ногоон бүс үүсгэх байдлаар үйл ажиллагааг явуулахыг үүрэг болголоо. Мөн томоохон зах худалдааны төв, үйлдвэр үйлчилгээний газрын удирдлага болон төлөөлөгчтэй уулзаж, ажиллах цагийн хуваарьт зохицуулалт хийхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх