НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс (ЭБАК)-ын 65 дугаар чуулган “Жендэрийн тэгш байдлыг хангах, охид эмэгтэйчүүдийг чадавхижуулахад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн бүрэн, үр дүнтэй оролцоог хангах, хүчирхийллийг таслан зогсоох нь” сэдвийн дор цахим хэлбэрээр 2021 оны 3 дугаар сарын 15-26-ны өдрүүдэд болж байна.
ЭБАК-ын 65 дугаар чуулганд НҮБ-ын гишүүн орнуудын эмэгтэйчүүд, жендэр, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан өндөр түвшний төлөөлөгчид оролцож, Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр бага хурлын Бээжингийн үйл ажиллагааны хөтөлбөр, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 23 дугаар тусгай чуулганы төгсгөлийн баримт бичгийн хэрэгжилтийн асуудлаарх ерөнхий хэлэлцүүлгээс гадна эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, тэгш оролцоог хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн бүрэн, үр дүнтэй, тэгш оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, туршлага солилцож байна.
ЭБАК-ын 65 дугаар чуулганы 3 дугаар сарын 23-ны өдрийн Ерөнхий хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оролцож, Монгол Улсын Засгийн газраас эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, арга хэмжээг тасралтгүй авч ирснийг онцлов. Мөн тэрбээр шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд эмэгтэйчүүдийг чадавхижуулах, манлайлал болоод эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагыг бүх түвшинд өөрчлөх шаардлага байгааг тэмдэглээд эмэгтэйчүүд улс орны эдийн засгийн хөгжилд голлох үүрэгтэй оролцож байгаа ч тэдний эд хөрөнгийн эзэмшил хангалтгүй, хөдөлмөрийн үнэлгээ бага байгааг анхаарч, хөдөлмөрийн харилцаанд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендэрийн мэдрэмжтэй байх асуудлыг Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг тэмдэглэв.