160 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдвар авсан иргэдийн тоо 4,658 боллоо

2021 оны 03-р сарын 19 өдөр, 13 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
temuulen

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн  танилцууллаа.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.ТЭМҮҮЛЭН:
Сүүлийн 24 цагт 84 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Шинээр 160 тохиолдол нэмэгдсэнээр дотоодын халдвар 4125 болж байна. Дээрх хүмүүсийн 141 хүн нь ойрын хавьтал бол, 19 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Хавьтлыг тодорхойлохоор ажиллаж байгаа 19 хүн нь:
• Баянзүрх дүүргийн 4, 14, 26,
• Баянгол дүүргийн 7,
• Сүхбаатар дүүргийн 11, 12,
• Сонгинохайрхан дүүргийн 3, 8, 25, 37,
• Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд амьдардаг хүмүүс байна.
ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр:
Өдөрт халдвар тохиолдол нэмэгдээд байвал хөл хорионы дэглэмийг сайжруулахаас өөр аргагүй. Тиймээс ийм байдалд орохгүйн тулд иргэн бүр хариуцлагатай, асуудалд нухацтай хандах шаардлагатай.
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан:
Гуравдугаар сарын 18-ны байдлаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 43 цэгт 16063 хүнийг дархлаажуулсан байна. Нийслэлийн хэмжээнд нийтдээ 171.535 хүнийг Covid-19 халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулсан. Тухайлбал, худалдааны байгууллагын 31513, боловсролын байгууллагын 25731, төрийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 22774, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 11403 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Дэлхий дахинаа Covid-19 халдварын эсрэг вакциныг гаргаж авахаар 265 эмнэлзүйн туршилт, судалгаа хийгдэж байгаагаас 13 вакцин хэрэглээнд нэвтэрсэн байна. Үүнээс есөн вакциныг яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олгосон бол бусад вакцинууд туршилтын шатанд явж байна. Монгол Улсад эхний тунг хийлгэсний дараа халдвар авсан цөөн тохиолдол гарсан. Тиймээс вакцины эхний тунг хийлгэсний дараа амны хаалтаа тогтмол зүүх, хүн хоорондын зай барих шаардлагатай. Бүх вакциныг бүрэн тунгаар авсны дараа өвчлөл хүндрэх, нас баралтыг үлэмж багасгадаг болох нь нотлогдсон. Мөн хаврын улирал ирж буй тул иргэд биеийн дархлаагаа тогтмол дэмжих, дасгал хөдөлгөөн хийж хөлсөө гаргах хэрэгтэй. Нойргүй хоноход хөнгөн зэргийн сэтгэл гутрал үүсдэг тул дархлаа суларч, халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг анхаарах нь зөв. Хүн амын 60 хувийг дархлаажуулсны дараа сүргийн дархлаа тогтоно гэж үздэг.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх