Эрдэс баялаг-Эмэгтэйчүүд үндэсний гуравдугаар чуулган анх удаа эрдэс баялгийн салбарын “Жендерийн мэдрэмжтэй эрхэм, Хамт олон, Контент” гэсэн гурван төрлийн номинацийг санал асуулгаар тодруулсан юм. Эмэгтэй ажилтны тоогоороо улсад тэргүүлж буй нийгмийн хариуцлагатай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, чуулганыг санаачлагч Х.Бадамсүрэн “Жендерийн мэдрэмжтэй эрхэм”-ийн нэгээр тодорсон бол тус үйлдвэрийн Олон нийттэй харилцах албаны “Эрдэнэт долгион” FM-107.1 радиогийн “Эмэгтэйчүүдийн цаг” нэвтрүүлэг “Жендерийн мэдрэмжтэй контент” шагнал хүртэв. Түүнчлэн “Жендерийн мэдрэмжтэй эрхэм” номинацийн эзнээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд асан, эдүгээ нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар, Судлаач, “Уул уурхайн эрх зүй” ТББ-ын тэргүүн Г.Сурахбаяр нар тодорч, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал технологийн Их сургууль, “Степ голд” ХХК, “Ачит Ихт” ХХК зэрэг байгууллага “Жендэрийн мэдрэмжтэй хамт олон” боллоо. Мөн “Уул уурхай, ашигт малтмалын эмэгтэйчүүд” ТББ-ын “Ягаан цамц”, “Жишиг өөрчилсөн түүх” уул уурхайн эмэгтэйчүүдийн тухай номын төслүүд “Жендерийн мэдрэмжтэй контент”-оор тус тус шалгарав. Чуулганы төгсгөлд эдгээр номинацийн шилдгүүдийг танилцуулж, баяр хүргэсэн юм.