Салхи шуурганы улмаас 6 иргэн нас барж, 58 гэр, 121 хашаа саравч нуржээ

2021 оны 03-р сарын 15 өдөр, 10 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsasss

Энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Монгол орны нийт нутгаар салхины хурд 20-24 м/с, зарим үед 30-34 м/с хүрч, нутгийн хойд хэсгээр цасан шуурга, говь тал хээрийн нутгаар шороон шуурга шуурч цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл ажиглагдлаа.

Хүчтэй салхи шуурганы улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Ховд зэрэг 10  гаруй аймгийн 46 суманд нийт 548 хүн төөрч, сураггүй болсон дуудлагаар аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

Алба хаагчид  цасан болон шороон шуурганы улмаас төөрч алга болсон 467  хүнийг эсэн мэнд олж, 81 хүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

  Мөн  салхи шуурганы улмаас 6 иргэн нас барж, 58 гэр, 121 хашаа саравч нурж, 20 байшингийн дээвэр хуурч, 1200 толгой мал шуурганд уруудсан байна.

 Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 3 дугаар сарын 13-ны өдрийн 23:20 цагт ОХУ-аас Баруун бүсийн аймгуудад цахилгаан эрчим хүч нийлүүлдэг С-458 агаарын шугамын 216 дугаар тулгуур багана (Увс аймгийн Улаангом сумаас баруун тийш 90 орчим км) унаж, Баян-Өлгий, Увс, Ховд аймагт цахилгаан тасарсан. Дөргөний усан цахилгаан станцаас түр холболт хийн дээрх 3 аймгийн хэрэглэгчдийг цахилгаанаар хангаж байна. Унасан тулгуур баганыг босгох ажлыг Баруун бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-ийн инженер техникийн ажилтнууд гүйцэтгэж байна.

Мөн Зүүн бүсийн аймгуудад эрчим хүч нийлүүлдэг цахилгаан дамжуулах агаарын шугамын 207 дугаар шугамд гэмтэл гарч Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймагт түр зуур цахилгаан тасарсан. Гэмтлийг даруй арилгаж хэвийн байдалд шилжүүлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. жагаа
     (66.181.171.***)
    2021/04/19 14:03

    салхи биш ковид байлгүйдээ ковид хүн биш тэнгэр хангайг хүртэл захирлаг болсон гэнэлээ,,,

    (0) (0)