Д.МӨНГӨНТҮЛХҮҮР: Ирэх сараас харшлын үе эхэлнэ. Тиймээс өмнө нь буюу энэ сардаа сорил шинжилгээндээ хамрагдах хэрэгтэй

2021 оны 03-р сарын 09 өдөр, 13 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
yud34

Жил бүрийн дөрөвдүгээр сараас эхлэн харшлын үе эхэлдэг. Тиймээс урьдчилан сэргийлэх, харшлын сорил тавиулах болон хэрхэн эмчлэх талаар Арьс Өвчин Судлалын Үндэсний Төвийн Арьс харшлын их эмч Д.Мөнгөнтүлхүүртэй ярилцлаа.

НЭГ. Хэтэрхий цэвэр цэмцгэр байх нь хүүхдийн дархлааг муутгаж, харшил үүсэх нөхцөл үүсдэг

-Удахгүй харшлын үе эхэлнэ. Харин харшлын сорилыг өмнө нь буюу гуравдугаар сардаа тавиулах шаардлагатай байдаг гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Ургамлын тоосны харшлын ид үе нь жил бүрийн 4-9 дүгээр сарын хооронд ургамал тоосоо агаарт цацах үед үргэлжилдэг. Тиймээс иргэд харшлын зовиур нь эхлэхээс өмнө үзлэгт орж сорил тавиулснаар ямар төрлийн харшилтай вэ гэдгээ тодорхойлуулж, өөрт тохирсон зөв эмчилгээгээ эхлүүлэх боломжтой болж байгаа юм. Энэ нь зардал, цаг хугацаа хэмнэх олон талын ач холбогдолтой. Иргэдийн дунд харшлын үе эхлэхээр сорил тавиулдаг гэсэн буруу ойлголт түгээмэл байдаг учраас эмчилгээгээ оройтуулах, хугацаа алдах тохиолдлууд их байдаг. Тиймээс албан ёсны эх сурвалжаас нь тогтмол мэдээлэл, зөвлөгөөг авч байхыг зөвлөж байна.

-Учир нь -Иргэд юунаас харшилтай гэдгээ хэрхэн мэдэх вэ?

-АӨСҮТ-ийн хувьд улсын төрөлжсөн ганц төв. АӨСҮТ нь харшлын сорил шинжилгээг хоёр төрлийн аргаар хийдэг. Үүний нэг нь Эрүүл мэндийн даатгалаар хийгдэх арьс хатгах сорил шинжилгээ юм.Тус сорилоор нэг удаадаа 10 төрлийн харшлыг тогтоодог. Үүнд амьсгалын замын харшил төрүүлэгчид болох ургамлын тоос, амьтны үс ноос, гэрийн болон агуулахын тоос, мөн хоол хүнсний харшлыг тогтооно. Тус сорилыг гарын шуун дээр хийдэг учир хэд хэдэн хориглох заалттай. Өвчний шинж тэмдэг илэрсэн хурц зовиуртай байгаа үед,6-с доош насны хүүхэд, 65-аас дээш насны ахмадууд, жирэмсэн, астматай зовиур илэрсэн үед, арьсаар тууралт гарсан үед тус сорилыг хийх боломжгүй. Учир нь тус сорил нь тухайн хүний зовиурыг улам нэмэгдүүлэх, сорилын хариу хуурамч эерэг гарах магадлалтай байдаг.

Үүнээс гадна чухал зүйл бол сорил тавиулах үед харшлын эм буюу иргэд хамгийн их хэрэглэдэг хлорфенамин, кетотифен, цетиризин гэх мэт эмийг сүүлийн 72цаг уугаагүй байх,мөн харшлын эсрэг дааврын  тарилга /дексаметазон/ дор хаяж 14хоног хийлгээгүй байх хэрэгтэй. Эм нь хүний биед илрэх хариу урвалыг сулруулчихдаг учраас сорилын хариу буруу гарах магадлал өндөр. Арьс хатгах сорил шинжилгээ нь ЭМД-аар үйлчилдэг учраас үнэ төлбөргүй хийгддэг.

“Харшлыг тодорхойлох олон талын шинжилгээнүүд бий болсон. Энэ нь эмчилгээг илүү үр дүнтэй болгож байна”

-АӨСҮТ мөн цусаар харшлын шинжилгээ авдаг гэж байсан. Энэ төрлийн шинжилгээ нь ямар давуу талуудтай вэ? 

Манай эмнэлэг хүнсний панел, амьсгалын панел, холимог панель гэсэн гурван төрлийн цусанд харшил төрүүлэгч тогтоох шинжилгээг төлбөртэй хийдэг. Уг шинжилгээний хувьд ямар нэгэн эсрэг заалт байхгүй учир хэн ч өгч болно. Цуснаас шинжилгээ авч, лабораторийн орчинд шинжилдэг учраас хариу алдаатай гарна, эм уучихаар хариу урвал суларна гэсэн асуудалгүй.Амьсгалын панель шинжилгээгээр амьсгалын замын харшил төрүүлэгч болох ургамлын тоос, гэрийн тоос, амьтны үс ноос, тасалгааны хөгц, мөөгөнцөр зэрэг 20 төрлийн  харшлыг тогтооно. Хүнсний панел шинжилгээгээр хамгийн түгээмэл харшил төрүүлэгч 20 төрлийн хүнсний харшлыг тогтооно. Хүмүүс ихэвчлэн сорил шинжилгээ өгөөд л өөрийнх нь бүх харшил тодорхой болно гэж боддог нь буруу ойлголт юм.Уг шинжилгээгээр зөвхөн шинжилгээний багцад орсон 20 төрөл зүйлийн харшил л илэрнэ,багцад ороогүй өөр зүйлсэд харшилтай бол энэ сорилоор оношлогдохгүй гэсэн үг.

-Бага насны хүүхдүүд юунаас харшилж байгааг хэрхэн мэдэх вэ?

Дээрх 3 багцаас сонгож  шинжлүүлж болно.Эдгээр багц шинжилгээнүүд тус бүр нь зуун мянган төгрөгийн өртөгтэй хийгддэг. АӨСҮТ нь өглөө 08:00-10:00 цагийн хооронд шинжилгээ авдаг бөгөөд эхний ээлжинд мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө аваад аль төрлийн шинжилгээг өгөх хэрэгтэйгээ мэдэх нь чухал.

“Хэтэрхий цэвэр цэмцгэр байх нь хүүхдийн дархлааг муутгаж, харшил үүсэх нөхцөл үүсдэг”

-Сүүлийн жилүүдэд хүүхдийн харшил нэмэгдэх хандлагатай байна. Хүүхдийн харшлын зонхилох шалтгаан нь юу байдаг вэ?

-Миний хувьд өдөртөө 40-50 хүнд үзлэг хийдэг. Үүний дийлэнхийг хүүхдүүд эзэлдэг. Хүүхдүүдийн хувьд түгээмэл байгаа өвчлөл Атопийн дерматит буюу диатез байна. Харшилтай ээж, ааваас хүүхэд төрсөн бол харшламтгай байх магадлал 75 хувь байдаг. Тэгэхээр ээж хүүхдээ хөхөөр хооллож байх үедээ хэрэглэх хүнсний бүтээгдэхүүндээ  анхаарах хэрэгтэй гэсэн үг. Хэтэрхий их боловсруулсан, химийн найрлагатай, лаазалсан, даршилсан бүтээгдэхүүн, элдэв янзын өнгө, будагтай хоол амтлагч, цитрусын төрлийн буюу мандарин, ананас, апелсин, чацарганыг болж өгвөл хэрэглэхгүй байх хэрэгтэй. Үүнээс гадна өндөг, сүү, гурилан бүтээгдэхүүн нь харшил өгдөг топ 10 хүнсний эхний гуравт жагсдаг. Эдгээр хүнсийг тохируулах хэрэгтэй.

Өвөл агаарын бохирдол утаа, гэрт нь тамхи татдаг хүн байвал дам тамхидалтанд өртөх нь харшил үүсэх шалтгаан нөлөө болно. Үүнээс гадна орчин үед хүүхдүүд гэртээ л байх сонирхолтой, эцэг эхчүүд ч гэсэн тийм л бодолтой болсон байна.Хүүхдийн дархлаа тогтолцоо нь хүрээлэн буй орчноос хүний биед нэвтэрч байгаа төрөл бүрийн халдварын хүчин зүйлийн эсрэг тэмцэж, халдварт өвчнөөр өвчлөхгүй байх дархлааг бий болгож, тэмцэх үүрэгтэй. Тэгэхээр сүүлийн үеийн  амьдралын хэв маягаар амьдрахын хэрээр хүний биед орох байгалийн ашигтай халдварын хүчин зүйлс тухайлбал, нян, шимэгч, мөөгөнцөрийн хэмжээ нь багасаад ирэхээр хүний дархлаа тогтолцооны гүйцэтгэх үүрэг нь өөрчлөгдөж халдварын биш ургамлын тоос, амьтны үс ноос, хоол хүнсний зүйлийн эсрэг хэт хүчтэй дархлааны хариу урвал үзүүлж харшилтай болж байна. Хэтэрхий цэвэр, цэмцгэр байх, байнга хүчтэй бодисоор ариутгал цэвэрлэгээг хийж ашигтай бактертай харьцах орчныг шууд устгаад байх нь харшилтай болоход нөлөөлнө.

ХОЁР. Харшлаас урьдчилан сэргийлэх вакциныг одоогоор дэлхий дахинд гаргаагүй байна

-Харшилдаг зүйлээсээ зайлсхийх хэрэгтэй гэдэг. Гэтэл манай иргэд зуны дэлгэр цагаар агаарт гарах, хөдөө явж амрах нь их. Тэгэхээр нөгөө ургамал, ногоон дундаа ороод явчихна. Энэ тохиолдолд иргэд хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?

-Ургамлын харшлын тухайд жил бүрийн 4-9 саруудад үргэлжилдэг гэж өмнө дурдсан. Тэгэхээр эдгээр саруудаас бусад үед ирж эмчилгээ хийлгэх, сорил тавиулж харшлаа тодорхойлуулаад харшилтай зүйлсээсээ зайлсхийх хэрэгтэй.

Үүнээс гадна зовиур нэгэнт илэрсэн үедээ хувийн хамгаалах хэрэгсэл болох малгай, бээлий, маск, нүдний шилийг зүүж хэвших хэрэгтэй. Өглөөний 04:00-10:00, оройны 17:00-20:00 цагуудад агаарт ургамлын тоос их дэгддэг нь судалгаагаар тогтоогдсон. Тиймээс та ургамлын гаралтай харшилтай бол энэ цагуудад аль болох гадуур явахгүй байхыг зөвлөе.Мөн бороо орсны дараа нар гарсан үед ургамлын тоос их дэгддэг. Тэр үеэр ч гэсэн гадуур явахгүй байх, цонх хаалгаа битүүлж хаах хэрэгтэй. Ургамлын тоос нь хүний бие, хувцсан дээр наалддаг тул гаднаас орж ирээд боломжтой бол усанд орох, ам хоолойгоо зайлах,хувцсаа тайлж далд шүүгээнд хийх хэрэгтэй. Агаар цэвэршүүлэгчийг жилийн дөрвөн улирлын турш хэрэглэж элдэв тоосыг шүүж болно.

Манай эмнэлэгт  “Шарилжны вакцин” нэртэй угтуулж хийдэг эмчилгээ байдаг. Шарилжны вакцин нь тарилга биш хамрын цацлага бөгөөд дөрөвдүгээр сарын 5-аас эхлэн долдугаар сарын 5-ны өдөр хүртэл 90хоногийн турш схемийн дагуу хамартаа цацаж хэрэглэнэ. Тус цацлагын найрлагад шарилжны харшил төрүүлэгч бодис агуулсан учраас тухайн хүнийг харшил төрүүлэгчид дасгах хэлбэрээр эмчилгээг хийж байна гэсэн үг. Арьс хатгах сорил, амьсгалын панелын шинжилгээгээр зөвхөн шарилжинд харшилтай нь тогтоогдсон бол уг эмчилгээг эхлүүлдэг. Гэтэл зарим хүмүүс ургамлын харшилтай юм чинь энэ эмчилгээг чинь хийлгэчихье гэж ханддаг. Бусад ургамлын гаралтай харшилд энэ эмчилгээ нь үр дүнгүй. 2-3 жил дараалан хийлгэвэл хувь хүний биеийн онцлогоос хамаарч 5-10 жил хүртэл харшил намдах боломжтой.

-Харшлын үед илрэх түгээмэл шинж тэмдэг, үүнээс гадна харшил хүндрэх үед гарах хамгийн том эрсдэл юу вэ?

-Ургамлын харшлын түгээмэл шинж тэмдэг нь нүд загатнах, улайх, нулимс гоожих,хамар,хоолой загатнах,хамар битүүрэх,шингэн нус гоожих,найтаалгах юм. Ургамлын харшилтай хүнд солбилцох урвал гэх зүйл явагддаг. Тэр нь хус модны тоосонд харшилтай хүмүүс модонд ургадаг алим, лийр,тоор зэрэг жимсийг идвэл хариу урвал илэрч болдог. Шарилжны харшилтай хүмүүс айраг саам уух, түүхий өргөст хэмх,улаан лооль, тарвас идэх үеэр урвал илэрч болдог. Бидний хувьд сорил хийлгэсэн өвчтөн болгонд энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, зөвлөгөөг өгдөг. Хэрэв харшил хүндэрвэл амь насаа ч хоромхон зуурт алдах эрсдэлтэй.

 “Харшилаас урьдчилан сэргийлэх вакциныг одоогоор дэлхий дахинд гаргаагүй байна”

-Харшлыг ор тас байхгүй болгох эмчилгээ гэж байдаг уу?

-Манай эмнэлэгт харшлыг ор тас байхгүй болгохгүй ч гэсэн зовиурыг нь багасгах эмчилгээг хийдэг. Нэгдүгээрт 18 –аас дээш насны хүнд цус шүүх эмчилгээг хийдэг бөгөөд нэг удаад өөрийн биенээс 400 мл цус аваад аппаратын тусламжтайгаар харшлын том молекулуудыг шүүж, өөрт нь эргүүлж хийх эмчилгээ байна. Энэ эмчилгээг долоо хоногийн зайтай 3-5 удаа хийлгэвэл харшлын зовиур тухайн хүний биеийн онцлогоос хамаарч 50с дээш хувиар намддаг. Хоёрдугаарт 8-аас дээш насны хүнд сийвэнгийн эмчилгээ гэж байна. Энэ эмчилгээний хувьд мөн л өөрийнх  нь цуснаас сийвэнг нь ялган авч өдөр бүр бага тунгаар арьсан дор тарьдаг. Эмчилгээ болгон өөр өөрийн онцлог үр дүнтэй. Зөв цагт нь зөв эмчилгээг хийлгэснээр таны эрүүл мэнд, цаг хугацаа, зардал, чирэгдэлийг ч мөн хэмнэдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Хамгийн эхэнд бидний амьдарч буй ахуй орчин зөв байж л харшилд өртөх магадлал буурна. Утаа, тоос шороо, хогийн ургамал ихтэй нөхцөлд ямар ч хүн харшилтай л болно. Тэгэхээр эхлээд амьдарч, ажиллаж буй орчноо зөв болгох хэрэгтэй. Мөн сорилуудаа өгөөд ямар харшилтайгаа мэдчихвэл харшлагч хүчин зүйлээс холдох, зайлсхийх боломжтой болно.  Харшлагч хүчин зүйлийг мэдсээр байж сэргийлэхгүй байх нь өөрийгөө хорлож байгаатай л адил.  Нэгэнт харшилтай нь тогтоогдсон бол шинж тэмдгийг намдаах, цаашид хүндрүүлэхгүй байх эмчилгээг мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу эхлүүлэх ёстой. Манай зарим иргэд харшлын эсрэг вакцин байдаг тэрийг нь одоо тариулчихъя гээд ороод ирдэг. Гэтэл өнөөдрийг хүртэл харшлаас урьчилан сэргийлэх вакциныг дэлхий дахинд гаргаагүй байна.

-Ковид-19 халдвараас сэргийлэх вакцин тарьж эхэлж байна. Уг вакцинаас харшилах магадлал байгаа юу?

Манай улсад АстраЗенека вакциныг хийж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө.  Монголын харшил судлалын нийгэмлэгээс гаргасан вакцин хийх заалт,харьцангуй эсрэг заалт,туйлын эсрэг заалт гээд байгаа.Харьцангуй эсрэг заалтанд олон бүлгийн эмний харшилтай эмнээс болж анафилаксийн шокт орж байсан,урьд нь вакцинаас харшилж байсан,шалтгаан тодорхойгүй анафилаксид орж байсан гэх заалт орно.Туйлын эсрэг заалтанд урьд нь вакцин хийлгээд анафилаксийн шокт орж байсан,Covid-19 вакцины эхний тунд харшилсан,вакцины бусад найрлаганд /PEG-polyethylene glycol эсвэл Polysorbate/харшил өгж байсан гэх заалт орно.

PEG гэх харшил өгөх бодис нь маш олон төрлийн эмийн найрлаганд орсон байдаг. Бидний хамгийн сайн мэдэх амоксициллин, клиндамицин, доксициклин, метилпреднизолон гэх мэт эмнүүдэд орсон байдаг. Тэгэхээр эдгээр эмнээс харшилтай бол вакцин хийх харьцангуй эсрэг заалт болно. Үүнээс гадна вакцины I тунг хийлгээд харшилсан бол II тунг тариулахгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх