Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь долоо хоногийн турш 24 цагаар иргэдэд үйлчилж байна. Тус дугаарт гуравдугаар сарын 4-нд иргэдээс нийт 379 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа есөн секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.20 минут байгаа юм. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 19 иргэн хандсанаас 10 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, есөн иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.
Дээрх 379 дуудлагын 126 буюу 33.8 хувийг шинжилгээний цэгийн хаяг, байршил, цагийн хуваарь, шинжилгээний цаг хэрхэн захиалах, шинжилгээний цэгийг нэмэгдүүлэх талаарх дуудлага эзэлж байна. Харин 64 буюу 17.2 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, төрийн байгууллагын хаяг, байршил, холбоо барих утасны дугаар, нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн талаарх мэдээлэл, И-Монголиа цахим системээр үйлчилгээ хэрхэн авах тухай дуудлага эзэллээ.