“Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-ыг шалгаруулна

2021 оны 03-р сарын 03 өдөр, 14 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ev8rirccqa17xlii25feru6t3

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааныг  10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Тус болзолт уралдаан нь үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, гэмтэл, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн аж ахуйн нэгж байгууллагын дэвшилтэд үйл ажиллагаа, сайн туршлагыг урамшуулан дэмжих, нийтийн хүртээл болгох, аюулгүй ажиллагааны зан үйл, соёлыг төлөвшүүлэх зорилготой юм.

Энэ жилийн болзолт уралдааныг шинэчилсэн журмын дагуу барилга, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, төрийн болон үйлчилгээний гэсэн салбараар нь ангилж, 12 аж ахуйн нэгж байгууллагыг шилдгээр шалгаруулна.

Болзолт уралдаанд оролцсоноор аж ахуйн нэгж байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа олон нийтэд таниулан сурталчилах, сайн туршлага, шинэлэг арга барилаа бусдад түгээн дэлгэрүүлэх боломж нээгддэг. Мөн эрүүл, аюулгүй ажлын байрны тоог нэмэгдүүлэх, ААНБ-уудын сайн туршлагыг бусдад түгээх зэрэг ихээхэн ач холбогдолтой юм.

Хөдөлмөрчин хүний эрүүл, аюулгүй орчин нөхцөлд ажиллах эрхийг хангах ажил олгогчид, ажилтан, албан хаагчид өөрсдийн эрх, үүрэг хариуцлагаа ухамсарлаж урьдчилан сэргийлэх зан үйлийг төлөвшүүлэхэд онцгойлон  анхаарал хандуулах,  төр, хувийн хэвшлийн байгууллагууд ХАБЭА-н асуудлыг байгууллагын нийгмийн хариуцлагын гол шалгуур болгон тавих хэрэгтэй.

Хөдөлмөрийн хүний төлөө, эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэн ажилладаг аж ахуйн нэгж байгууллагууд та бүхэн болзолт уралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Уралдааны материалыг яамдын ХАБЭА-н салбар хороо, Аймаг, дүүргийн ХАБЭА-н зөвлөлүүдээр 2021 оны 03 дугаар сарын 10-ны дотор хүлээн авч байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх