“Тэмээний төрөлжсөн эмнэлэг” байгуулна

2021 оны 02-р сарын 22 өдөр, 17 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
152695194_3750088381727261_8669621449293657090_n

“Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймаг “Тэмээний төрөлжсөн эмнэлэг” байгуулна.

Өмнөговь аймгийг хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрт тэмээн сүргийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм. Хоёр бөхт тэмээний ашиг шим, физиологи, судлагдаагүй өвчнийг илрүүлэх, оношлох, эмнэл зүй эмчилгээний аргыг боловсруулан нэвтрүүлэх зорилгоор “Тэмээний төрөлжсөн эмнэлэг” байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн тэмээний ашиг шимийг нэмэгдүүлэх, ингэний сүү, тэмээний ноосоор брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүний ашиг шим, чанарыг тодорхойлох шаардлагатай байгаа аж.

Тус аймаг сүүлийн 17 жил тэмээн сүргээ тасралтгүй өсгөн, 2020 оны эцэст 166.8 мянган тэмээ тоолуулсан нь 2003 оноос хойш 96.6 мянган толгойгоор буюу 2.4 дахин өссөн байна. Тэмээн сүргээ өсгөн үржүүлэх зорилгоор олон ажлыг санаачлан хийсэн бөгөөд тухайлбал УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилгаар ингэ ботголох үеэр малчдад мөнгөн урамшуулал “Ботгоны мөнгө” олгосон нь тэмээ өсөхөд дэм болж, тэмээчдэд маш их урам өгч байсан билээ. Мөн 2015 онд “Галбын говийн улаан”, “Ханын хэцийн хүрэн” омгийн тэмээдийг үүлдрээр баталгаажуулсан түүхтэй. 2016 онд Өмнөговь аймагт “Монгол тэмээ-999” үйл ажиллагааг зохион байгуулсан. Дэлхийн Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох уралдаанд газар газрын хурдан 1115 тэмээ бүртгүүлэн уралдсанаас 1108 тэмээ барианы зурхайд орж, амжилтыг шинэчлэн тогтоов. 2019 оны 12-р сарын 14, 15-ны өдрүүдэд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор “Улсын аварга шалгаруулах хурдан тэмээний уралдаан” өмнийн цэнхэр говь нутагт анх удаа зохион байгуулсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх