Өмнөговь аймагт “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх тарилгад эхний ээлжинд 12 мянган иргэнийг хамруулна.
Тодруулбал төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 50 ба түүнээс дээш насны хүн ам, орон гэргүй асрамжийн газар амьдардаг иргэд, хариу арга хэмжээний багт ажиллах мэргэжлийн байгууллагын алба хаагчид, стратегийн ач холбогдол бүхий байгууллагын ажилтан, цэцэрлэг, сургуулийн багш ажилтнуудыг хамруулах юм.
“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, вакцинаар дархлаажуулах ажлыг улс даяар зохион байгуулахаар бэлтгэл байдлыг хангаж байна. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн тушаалын дагуу Өмнөговь аймгийн Засаг даргын захирамж гарч, Засаг даргын орлогч Ч.Баяржаргалаар ахлуулсан мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан ажлын багийг байгуулсан. Ажлын баг энэ сарын 15-нд анхны хурлаа хийж уг дархлаажуулалтад Өмнөговиос хэдэн хүн хамрагдах, хаана ямар цэгт вакцинжуулах ажлыг зохион байгуулах, журмын дагуу хэрхэн тээвэрлэх, вакцинжуулах ажлыг богино хугацаанд яаж үр дүнтэй зохион байгуулахад хяналт тавих зэрэг ажлын нарийн төлөвлөгөөг хэлэлцсэн байна.
Өмнөговь аймаг өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор 71493 хүн амтай гэсэн статситикийн мэдээлэл байгаа юм.