Шилдгүүд хүндэт дэвтэрт нэрээ мөнхлөв

2021 оны 02-р сарын 11 өдөр, 19 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
_TGS7125

XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жил, Эрдэнэт үйлдвэрийн 2020 оны хөдөлмөрийн аваргууд, Хүндэт тэмдгийн эздэд  шагнал гардуулах ёслол шинийн өмнөхөн “Зэс”  танхимд боллоо. Уг үйл ажиллагааг нээж Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх хэлсэн үгэндээ: XVII жарны хулгана жил уурхайчин хамт олон бидний хувьд Төрийн өмчит үйлдвэрийн газар гэсэн статустай  ажилласан анхны он байлаа. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэр дээд амжилтуудаа шинэчлэн тогтоосон, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ давуулан биелүүлсэн, ашгаа нэмэгдүүлж, аюулгүй ажиллагааг хангасан сайхан жил боллоо. Бид 32,5 сая тонн хүдэр боловсруулж, борлуулалтын орлогоо 2,2 их наяд төгрөгт хүргэж, хөрөнгө оруулалтын ажлуудыг 830 тэрбум төгрөгөөр төлөвлөн хийж  түүхэн дээд амжилтуудаа шинэчлэн тогтоосныг дурдахад таатай байна. Энэ бүх амжилтын цаана хамт олноо хошуучлан ажилласан Үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, шилдэг ажилтан та бүхний нөр их хичээл зүтгэлийн үр шим бий” гэж  онцоллоо.

     Үйлдвэрийн газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, шинэ техник технологи нэвтрүүлэн эзэмших, үндэсний мэргэжилтэй боловсон хүчин сургаж бэлтгэх, хөдөлмөрийн хамт олныг удирдан зохион байгуулах, үйлдвэрлэлийн бүтээмжийг зах зээлийн нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгоход бүтээлч хөдөлмөрөө зориулсан Чанарын хяналтын хэлтсийн технологич инженер Отгойн Баттогтох, Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн дарга Лувсандагвын Баяраа, Ус хангамжийн цехийн Хийн хангамжийн хэсгийн дарга Лувсандамбын Цогтбаяр нарын нэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүндэт дэвтэрт мөнхөлж, “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж, таван сая төгрөгөөр урамшууллаа. О.Баттогтох нь Ил уурхайн хүдрийн агуулгын хэлбэлзлийг хянах арга аргачлалыг, уурхайн нэгдсэн төлөвлөлт, хяналт шинжилгээний МAS системд нэвтрүүлж, хүдрийн агуулгын хэлбэлзлийн бууралтаас 723.88 тн баяжмал илүү үйлдвэрлэж 2.2 тэрбум төгрөгийн үр ашгийг Эрдэнэт үйлдвэрт өгчээ. Л.Баяраа нь хариуцсан ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, хамт олноо чадварлагаар удирдан, үйлдвэрлэлийн хэвийн жигд ажиллагааг хангаж, тоног төхөөрөмжүүдэд тогтмол хяналт тавьж, гарсан доголдлыг илрүүлэн шуурхай арга хэмжээ авч ажилласнаар түүний удирдсан хамт олон сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг тогтмол 100-гаас дээш хувиар биелүүлэн ажиллаж байгаа төдийгүй тус хэсэгт хийгдсэн техник технологийн шинэчлэлийн ажлуудыг хугацаанд нь чанарын өндөр түвшинд гүйцэтгэжээ. Л.Цогтбаярын удирдсан хэсэг 2020 оны техник технологи шинэчлэх ажлын хүрээнд шинэ төрлийн агаар ялгах АжКж-0.06 иж бүрдлээр солих ажлыг өөрийн хүчээр угсарч суурилуулсан. Энэхүү тоноглолоор төлөвлөгөөт хийг үйлдвэрлэхээс гадна Баяжуулах үйлдвэрийн технологийн процессыг хянадаг рентген анализаторыг хөргөх зорилгоор Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн захиалгаар шингэн азот 4800 кг үйлдвэрлэж нийлүүлсэн.

     Түүнчлэн үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэх, үйлдвэрлэлийн хэмжээ борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулахад идэвх санаачилгатай ажиллаж, Эрдэнэт үйлдвэрийн 2020 оны Хөдөлмөрийн аваргаар шалгарсан  33 ажилтныг “Аваргын од” тэмдгээр шагнан, гурван сая төгрөгөөр урамшууллаа.

Я.ЭНХТУЯА

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх