Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах асуудлаар хамтарч ажиллахыг УИХ-ын гишүүдээс хүслээ

2021 оны 02-р сарын 11 өдөр, 13 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
battulga

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2021.02.10/ УИХ-ын гишүүдэд албан бичиг хүргүүлж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахад хамтран ажиллахыг хүслээ.

Дэлхий нийтийг цочирдуулсан цар тахлын нөхцөл байдлаас үүдэн ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордох, аж ахуй, бизнес, үйлдвэрүүдийн хэвийн үйл ажиллагаа доголдох, дампуурах, улмаар улс орны эдийн засгийн байдал эрс хүндрэн доройтох бодит эрсдэл бий болсон гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Үүний хажуугаар улс төрийн хүрээний тодорхой бүлэглэл, түүнд хамаарах улс төрчдийн зүгээс явуулж буй хүний санаанд оромгүй, бохир, зохион байгуулалттай, үндэсний эв нэгдлийг бусниулах хэмжээний увайгүй, бас болчимгүй улс төрийн үйл ажиллагаа улс орон, ард иргэдийн амьдралд дарамт нэмж мэдэхээр болж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч албан бичигтээ онцолжээ.

Тухайлбал, шинэ он гарснаас хойших богинохон хугацаанд ганцхан өдрийн дотор Засгийн газрыг огцрууллаа, Улсын Их Хурлын гишүүн өлсгөлөн зарлалаа, Монгол Улсын маань иргэн, улс орны ирээдүй болсон нэгэн залуу төв талбай дээр өөрийгөө шатаан хөнөөлөө.

Улс орон, ард иргэдийн амьдрал болоод нийгэм, эдийн засгийн байдал ийм эгзэгтэй, хүнд байхад төрийн эрх барих дээд байгууллага, ард түмний элч болсон УИХ-ын гишүүд амарч, завсарлаад байж таарахгүй гэж үзэж байна.

ИЙМД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:
  • Цар тахлын үед өрх бүрд нэг сая төгрөг олгох, айл өрхүүдээр дамжуулан үндэсний үйлдвэрлэл, аж ахуйг дэмжих зорилготой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх,
  • Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх,
  • Оюутолгойн ордыг тойрсон ноцтой баримт, мэдээллүүдийг шалгаж буй хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа, уг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, хангуулах асуудлын хүрээнд УИХ-ын хаалттай хуралдаан зохион байгуулах шаардлагатай гэж үзэн, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах саналаа 2021 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр УИХ-ын даргад хүргүүлээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга УИХ-ын гишүүдийг улс орон, ард иргэдийнхээ амьдралд анхаарч, УИХ-ын ээлжит бус чуулганыг дээрх асуудлын хүрээнд зарлан хуралдуулахад зохих ёсны дэмжлэгийг үзүүлэн, хуульд заасан боломжийн хүрээнд хамтран ажиллахыг хүслээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх