Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар томилогдсон С.Энхболд сайд үүрэгт ажлаа хүлээн авлаа. Эрүүл мэндийн яамны тамга, тэмдгийг салбарын сайдаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан гардуулж шинэ сайдын цаашдын үйл хэрэгт амжилт хүслээ. Тамга гардуулах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ЭМЯ-ны удирдлагууд оролцлоо.
Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан “Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллахаар томилогдсон С.Энхболд сайд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн салбарт хэрэгжиж эхэлсэн томоохон ажлуудыг үргэлжлүүлж, үр дүнтэй ажиллана гэж итгэж байна. Таны цаашдын ажилд амжилт хүсье.”гэлээ.
Шинээр томилогдсон С.Энхболд сайд цаашид салбартаа хэрэгжиж эхэлсэн томоохон ажлуудыг үргэлжлүүлж, эрүүл мэндийн салбарт өөрчлөлт хийнэ. Мөн “Ковид-19” цар тахлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг илүү сайжруулж, халдварын эсрэг хариу арга хэмжээг шуурхай авч ажиллахаа онцоллоо.