Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөж, 2020 оны намрын ээлжит чуулган өндөрлөлөө

2021 оны 01-р сарын 30 өдөр, 09 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
89e128b2-c485-42b3-a6b3-e7e0c52175ba

Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв

    Ерөнхий сайд танхимын бүрэлдэхүүнээ танилцуулсны дараа шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслол боллоо. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлаас 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулж баталсан. Уг зохицуулалтаар Засгийн газрын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрийн зүтгэлтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн болон албаны нууцыг хадгалах үүргийг хүлээн ажиллах юм. Засгийн газрын гишүүн холбогдох хууль, журмын дагуу “Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөдөг.

    Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан дарааллын дагуу шинээр томилогдож буй Засгийн газрын гишүүн бүр тангараг өргөж, Төрийн сүлдэнд мэхийн хүндэтгэл үзүүлэн адис авсан. Холбогдох журамд заасны дагуу дараа нь тусгайлан бэлтгэсэн ширээнд сууж тангаргийн бичигт гарын үсэг зурсан. Энэхүү тангаргийн бичгээ Улсын Их Хурлын даргад гардуулсных нь дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардууллаа. Засгийн газрын бүх гишүүд тангараг өргөсний дараа нь Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв.

    Тангараг өргөх ёслолын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Засгийн газрын гишүүдэд хандаж үг хэлсэн. Тэрбээр гүйцэтгэх засаглалын дээд байгууллагын бүрэлдэхүүнд багтаж, сайдаар томилогдсон сайд нарт Улсын Их Хурлын гишүүд, нийт монгол түмнийхээ өмнөөс баяр хүргэж, амжилт хүсэв. Энэ танхим ахмад, дунд, залуу үеийг багтаасан, шинэ үеийн, мэдлэг туршлагатай, мэргэжлийн Засгийн газар гэдгийг дурдаад “Дөрвөн эмэгтэй сайдтай Засгийн газар анх удаа бүрдлээ” хэмээн онцоллоо. Түүнчлэн төрийн үйл хэргийн залгамж чанараа хадгалан Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь үргэлжүүлэн ажиллаж байгааг тэмдэглээд, уламжлал, шинэчлэлийг хослуулж ажиллах бодлогын илрэл гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

    Үргэлжлүүлэн тэрбээр “Та бүхэн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааны дагуу Төрийн сүлдэндээ, төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хуралд тангараг өргөлөө. Та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, Монгол эх орон, нийт ард түмний язгуур эрх ашгийг эрхэмлэж, Үндсэн хууль, хуулиа дээдэлж, авлигал, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, чин шударгаар ажиллахыг хүсэн ерөөе. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. Та бүхэн Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор Ардын засгийн төрийн сайдаар томилогдож байна. Яг 100 жилийн өмнө Ардын засаг анх байгуулагдаж, төрийн сайдыг тохоон томилохдоо “Эрх биш, ард олны зовлон зүдгүүрийг нэвтэрхий мэдэх бөгөөд олны тусыг бодох, өөрийн эрхэлсэн хэрэг явдлыг магадаар бүтээж чадах, баяд, ноёд, ураг төрөлд нүүрчлэхгүй, ховдог, шунахай, авлигач бус, бичиг үсэгт боловсронгуй байх” гэсэн дөрвөн шаардлага тавьж байсан юм билээ. Энэ зарчим шаардлагад 100 жилийн ойгоороо нийцэж, зөвхөн нийгмийн сүлжээний шуугианаар бус, олон түмний санал бодолд нийцсэн, шинжлэх ухааны тооцоо судалгаанд үндэслэсэн, нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад онцгой анхаарч ажиллах хэрэгтэй цаг үе тохиогоод байгаа.

    Өмнөх Засгийн газар ёс суртахуун, сахилга хариуцлагын шинэ хэм хэмжээг тогтоосон. Шударга ёс, сахилга хариуцлагыг бэхжүүлэх, хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, иргэнээ дээдэлсэн засаг байх чиглэлээр авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээг тууштай үргэлжлүүлж ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.

    Төрийн хууль биелүүлэх ажлыг Засгийн газрын гишүүн бүр төр, ард түмний өмнө хариуцана гэдгийг Улсын Их Хурлын дарга цохон тэмдэглээд “Тиймээс хуулийн хүрээнд ажиллах, зөв бодлогоо дэвшүүлэх, түүнийгээ тууштай хэрэгжүүлэх, алсын хараатай Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх нь үндсэн үүрэг байх болно. Улсын Их Хурал Та бүхний ажлыг бүх талаар дэмжиж, бас шаардлага тавьж, шахаж, шалгааж ажиллах болно” гэсэн юм.

    Ийнхүү Засгийн газрын гишүүдийн тангараг өргөх ёслол өндөрлөв. Хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын гишүүдэд нэр дэвшигчдээ намынхаа Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулан улмаар Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд танилцуулж, Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамж гарган, улмаар Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөснөөр шинэ Засгийн газар бүрдэж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын ирээдүйд тустай дөрвөн зорилтоо танилцуулав

    Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслолын ажиллагаа өндөрлөсний дараа Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв. Цар тахал өвчин, түүнээс улбаалсан дэлхийн эдийн засгийн хямрал,  аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид, иргэдийн амьжиргаанд тулгамдаж буй олон асуудал, нийгмийн бухимдал, Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төржилт зэрэг олон асуудалтай шинэ Засгийн газар нүүр тулна гэдгийг бүрнээ ухамсарлаж байгаагаа хэлсэн үгийнхээ эхэнд дурдсан.

    Тиймээс цар тахлыг богино хугацаанд даван туулах, Эдийн засгийг сэргээх, Дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоог бүрдүүлэх, Шударга ёс, цахим засаглалыг төлөвшүүлэх дөрвөн зорилтоо танилцуулсан юм.

    Цар тахлаас улбаалсан эдийн засгийн болон нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах боломжийг бүрдүүлэх үүднээс нэн тэргүүнд хүн амаа вакцинжуулна гэлээ. Цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн аж ахуйн нэгжүүд, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих цогц арга хэмжээг үе шаттай шуурхай хэрэгжүүлж, мэргэжлийн байгууллагын зөвлөгөөнд үндэслэн гадаадад буй иргэдээ татан авчрах ажлыг эрчимжүүлэхээ энэ үеэр мэдэгдэв.

    Технологи, инновацийн хөгжлийг хурдасган, шинжлэх ухааны нээлтийг эдийн засагжуулахын тулд нэгдсэн кластер хэлбэрээр зохион байгуулах зорилтыг тэрбээр дэвшүүлжээ. Засгийн газар аж үйлдвэрийн IV хувьсгалын үед хиймэл оюун ухаан, финтек, үүлэн технологи чиглэлээр дэлхийн зах зээлд амжилттай өрсөлдөж эхэлсэн үндэсний компаниудаа дэмжиж, түншлэн ажиллах юм байна. Түүнчлэн Үндэсний баялгийн сан байгуулж, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд зарцуулна хэмээн Ерөнхий сайд хэлсэн.

    Оюутолгойн гэрээг эрс сайжруулж, Монгол Улс баялгаа ашиглуулсны хариуд өртэй биш харин өвтэй үлдэх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө Улсын Их Хуралтай нягт хамтран ажиллахаа тэрбээр илэрхийлсэн юм.

    Дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, орлогод нийцсэн орон сууцны шинэ санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ халамжаас хөдөлмөрт шилжих, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд дэх оролцоог нэмэгдүүлэх, банк санхүүгийн төрөлжсөн тогтолцоо бий болгох зэрэг амин чухал асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ гэв. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэл хийж, эрүүл амьдралын хэв маягийг үндэсний соёл болгон төлөвшүүлэх нь чухал гэж үзээд энэ чиглэлд тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлнэ гэдгээ тэмдэглэсэн.

    Засгийн газрын тэргүүн хараат бус шударга шүүхийн тогтолцоо бүрдүүлэхийг бүх талаар дэмжиж ажиллахаа энэ үеэр илэрхийллээ. Цахим үндэстэн байгуулах ажлаа илүү далайцтай өрнүүлж, 2021-2024 оны хооронд Цахим шилжилтийг 90 хувьд хүргэх зорилтоо танилцуулсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэчлэлийг эрчимтэй үргэлжлүүлэх нь энэ чуулганы үндсэн зорилго байсан

    Үүгээр Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулган өндөрлөж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар намрын ээлжит чуулганы үйл ажиллагааг хааж үг хэллээ. Тэрбээр Улсын Их Хурлын 2020 оны намрын чуулган хэлэлцэхээр товлосон үндсэн асуудлуудаа амжилттай хэлэлцэн шийдвэрлэж, өндөрлөж байгааг тэмдэглэв. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудын шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн анхны чуулган байснаараа энэ удаагийн чуулган онцлогтой гэдгийг хэллээ. Мөн коронавирусийн цар тахлын улмаас гамшгийн үеийн хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон онцгой үед хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлж, цахим технологи ашиглан хуралдсан болохыг онцлон дурдаад “Онцгой байдлын үед зайлшгүй шаардлагатай, чухал хууль, шийдвэрийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлахад идэвхтэй, ажил хэрэгч оролцож, өндөр зохион байгуулалттай ажилласан нийт гишүүд, Ажлын хэсэг, Улсын Их Хурлын Тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье” гэлээ.

    Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэчлэлийг эрчимтэй үргэлжлүүлэх нь энэ чуулганы үндсэн зорилго байсныг онцлоод засаг захиргааны шинэчлэл хийх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, хараат бус, бие даасан, шударга шүүхтэй болох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаанд нийцүүлсэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль, тогтоолын талаар дэлгэрэнгүй Улсын Их Хурлын дарга танилцуулсан.

    Үргэлжлүүлэн тэрбээр энэ Их Хурал хууль, эдийн засаг, нийгмийн бодлогын гурван хүрээнд “Эрх зүйн хувьсгал” хийх зорилт тавин ажиллаж байгааг цохоод “Сайн хууль, зөв засаглал, шударга ёс, мэргэшсэн, ёс зүйтэй төрийн алба, эрүүл улс төр, ойлголцол зөвшилцөл бий болгохгүйгээр бид урагшилж чадахгүй нь тодорхой байна. Хөгжлийн тогтвортой стратеги, төлөвлөлт, шат дараатай хэрэгжүүлэх зөв механизм, халамжид биш бүтээмжид суурилсан бодлого, тогтолцоогүй бол хөгжлөөс гээгдсэн хэвээрээ байх болно. Экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл, баялгийн шударга, зөв хуваарилалт, эрүүл бие саруул ухаантай, дэлхийн түвшний эрдэм боловсролтой иргэн бол хөгжлийг тэтгэх хөшүүрэг юм” гэлээ. Ийм алсын хараанд суурилж байгаа Эрх зүйн хувьсгал дөнгөж эхэлж байгаа бөгөөд ирэх хаврын чуулганаар нэн чухал 100 гаруй хуулийн төслийг хэлэлцэн батлах ёстойг тэмдэглэсэн. Иймд нийт иргэдийг lawmaker.parliament.mn, lawforum.parliament.mn цахим системийг өргөн ашиглаж, хуулийн төсөлд санал, дүгнэлтээ ирүүлэхийг хүссэн.

    Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулган ийнхүү өндөрлөлөө. Ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 31 удаа, Байнгын болон дэд, түр хорооны хуралдаан 114 удаа хуралджээ. Ээлжит чуулган 50-иас доошгүй хоног үргэлжилдэг байсныг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 75-аас доошгүй хоног болгон өөрчилсөн. Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаан 82 хоног хуралдаж, нийт 87 хууль, Улсын Их Хурлын  44 тогтоол хэлэлцэж баталжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх