Эрдэнэтийн үнэт баялаг

2021 оны 01-р сарын 18 өдөр, 11 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
_TGS65221

 Эрдэнэт үйлдвэрийн “2020 оны шилдгийн шилдэг ажилтан” Ил уурхайн экскаваторын машинч М.Болдбаатартай уулзахаар хэсгийн даргатай нь холбогдлоо. “Ажлаасаа өглөө буусан, одоо унтаж амрах хэрэгтэй, утас руу нь үдээс хойш залгаарай” гэж санаа тавингаа дугаарыг нь өгсөн юм. Уурхайчид бие биеэ ингэж л хайрлаж эрдэнэс ундраадаг байх нь.

Улаанбаатарын унаган хүүхэд Эрдэнэтийн уурхайчин болсон түүх аавтай нь холбоотой. Түүний аав Д.Мөнхөө Цагдаагийн байгууллагыг олон жил удирдсан бэлтгэл хурандаа. М.Болдбаатар хөдөлгөөнтэй, сахилгагүй гэмээр, хүүхэд байхаасаа л цэргийн хүн болохыг мөрөөджээ. 1980 оны хавар наймдугаар анги төгсөхдөө  Батлан хамгаалахын хуваарь ирэхээр нь судлалгүй шууд л авчхаж. Тэгсэн, Цэргийн оёдлын үйлдвэрт оёдолчин болох нь тэр. Дадлагаар сураад нэг жил үйл урласан ч цэргийн амьдрал руу тэмүүлсэн хэвээр. Аав нь арга буюу, 16 настайд нь хөгжмийн салааны цэрэг болгосон гэдэг. Хүн бүрийн харц, хайрыг булаасан жижигхэн цэрэг нарийн бүрээ үлээн явган маршийн сүүлд хоцронгуй алхдаг байснаа тэр дурссан. Сэргэлэн жаахан цэрэг Өмнөговь аймгийн Хилийн цэрэгт гурван жилийн алба хаахдаа бас ч үгүй бага түрүүч цолтой халагджээ. Хөгжмийн салааны дэгжин цэрэг явахдаа ятга тоглож сурсан нь амьдралд уянга яруу хөг нэмээд зогсохгүй түүнийг Тэргүүний уран сайханч цол хүртэхэд хүргэсэн. Одоо ч тэр “…Эр хүн ятгатай дуулах Монголын их амар амгалан…”-г өөртөө болон өрөөл бусдад мэдрүүлсээр явна.

М.Болдбаатарыг цэргээс халагдаад ирэхэд аав нь Эрдэнэтийн Цагдаагийн газрын даргаар томилогдсон тул тэднийх үйлдвэрлэл, бүтээн байгуулалт өрнөсөн их хот руу нүүсэн байв. Тэрээр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг ТМС байхад экскаваторын машинчийн 45 хоногийн курс дүүргэж, мэргэжлийн үнэмлэх гардан уурхайчдын эгнээнд нэгдсэн. Болдоо, “Бид 12-уулаа төгсөөд Эрдэнэт үйлдвэрт ажилд орж байлаа. Одоо ч ганцаараа үлдэж дээ” гэж гуниглангуй ярилаа. Дийлэнх нь гавьяаны амралтандаа гарч, зарим нь халагдаж, бурхны орноо морилсон нь ч бий гэнэ. Тэрээр Ил уурхайн Зам овоолгын хэсгийн засварчнаас ажлын гараагаа эхэлсэн. Хоёр жил хэртэй ажиллаад Оросуудад захирагддаггүй, өөрийнхөөрөө зүтгэдэг, журамгүй нөхөр нэр зүүж халагдсан нь үндэсний үзэл, өөртөө бүрэн найдах итгэлтэй нь холбоотой. Угаас зүгээр сууж чаддаггүй, аливааг амархан сурдаг тэрээр уул уурхайн салбараас эрүүл мэндийн чиглэл рүү шилжин, сувилахуйн ухаанд шамдсан байдаг. Нэгдсэн эмнэлгийн лавлах сувилагч, Түргэн тусламжийн хэсгийн болон Халдвартын тасгийн сувилагчаар хэсэг хугацаанд ажиллахдаа хүн зоны хүндлэл хүлээжээ. Гэсэн ч уурхайчны амьдрал өөрт нь илүү зохихыг тэр мэдэрсэн.

М.Болдбаатар Эрдэнэт үйлдвэртээ эргэн ирэхдээ илүү нухацтай, хүлээцтэй, ачаалал даах чадвартай, зорилго тэмүүлэлтэй болсон байв. Тэрээр мэргэжлээрээ, экскаваторын туслах машинчаар уурхайдаа дахин ажилд орохдоо одоо л хэн болохоо харуулна даа хэмээн зорьсон. Өдөр бүр, ээлж болгондоо үргэлж хичээсэн. Тиймдээ ч өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийнхээ шилдгийн шилдэг ажилтан, ээлж хэсгээ ахалсан бригадын дарга, гараасаа 10-аад шавь төрүүлсэн багш, салбартаа манлайлсан Тэргүүний уурхайчин болжээ. М.Болдбаатар 2020 онд хамт олноо удирдан манлайлж 1235-1205 метрийн түвшнүүдэд ажлын бус хана үүсгэх, ашиглалтын талбай ахиулах, Баяжуулах үйлдвэрийг өндөр агуулгатай хүдрээр хангаж ажилласан. Мөн 1235-1220 метрийн түвшинд, 1220-1205 метрийн түвшинд нэвтрэх түр замуудыг шилжүүлж, зам траншей нэвтрэх ажлыг чанартай гүйцэтгэснээр тээвэрлэлтийн зай хэмнэхэд чухал нөлөө үзүүлжээ. Экскаваторын шанаганы шүдний хувийн зарцуулалт, ган татлагын хэрэглээ машинчийн ур чадварыг илэрхийлэх гол үзүүлэлт юм. Тэрээр өөрийн бригадаа удирдан ЭКГ-10 ¹22 экскаваторын шанаганы шүдний хувийн зарцуулалтыг бууруулан ажиллаж 35,8 сая, 240 кг ган татлага гамнаж, 11,6 сая төгрөг хэмнэсэн. Нэг удаагийнхаар экскаваторын шанага дүүртэл уулын цул хутгана гэдэг машинчаас маш нарийн мэдрэмж, ур чадвар шаарддаг. М.Болдбаатар хүдрээс экскаваторын шанагаар долоо хутгаад тавихад 130 тонны белазын тэвш дүүрч харагдсан. Экскаваторын зарим машинч 10 гаруй удаа “дохиж” байж дүүргэх. Ингэж цаг алдах нь хамтын хөдөлмөрийн биелэлтэд сөрөг нөлөөтэй учраас тэрээр шавь нараасаа бүрэн гүйцэтгэл хүснэ. Түүний ууган шавь Э.Ган-Эрдэнэ багшаасаа түрүүлж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн аварга болохдоо санаа нь ихэд зовсон гэдэг. Харин багш нь “Надаас илүү чадвартай юм чинь аргагүй шүү дээ” хэмээн хүлээн зөвшөөрч, “хөл нь газар хүрэхгүй” хөөрч гүйсэн нь саяхан. Ууган шавь нь түүнийг, техникээ сайн мэддэг, хэр баргийн гэмтлийг цахилгаанчин, механик дуудахгүй, багш өөрөө засчихна шүү, гэж магтана билээ. Эмх цэгцтэй, нямбай, аливаад үнэнч занг нь ч өвлөх сөн гэж хичээдэг гэнэ.

Өвлийн хүйтэнд уулын гүнд ажиллах амаргүй. Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдрийн хатуулаг нэмэгдэж байна. Өвлийн улиралд газар хөлдөхөд экскаватор төмөр учраас гулгана. Үүний зэрэгцээ 15 метрийн өндрөөс мөргөцөг том томоороо нурна. Тэр нурангийг экскаваторын машинч мэдэрч, амжиж тосож авах, хүчийг сааруулах учиртай. Ингэж чадаж гэмээ нь техникээ эвдрэлээс хамгаална, хүдэр олборлолт хэвийн үргэлжилнэ. Үүнд экскаваторын машинчийн сэтгэлгээ, тооцоолол, уран чадвар маш чухал. ЭКГ-10 ¹22-р экскаваторын бригадын дарга М.Болдбаатар өөрийн энэ бүх мэдлэг, ур чадвар, ажлын арга барилаа залуу уурхайчдад өвлүүлэхэд санаачилгатай ажиллаж, уулын цул ачилтын сар, жилийн төлөвлөгөөт даалгавраа тогтмол давуулан биелүүлсээр байна.

 М.Болдбаатар улсад 41, Эрдэнэт үйлдвэртээ 29 жил хөдөлмөрөө зориулжээ. Бүхий л цаг үед ээлжийн ажилтан явсан. Цэргийн оёдолчин байхдаа, хилийн манаанд гарахдаа, цагаан нөмрөгтөн явахдаа, уурхайчин болоод бүр ч тэр. Амьдралын хэв маяг, хэмнэл, зуршил нь нэгэнт тогтсон. Уулын ажил нь түүнд бахархал, омогшил төрүүлдэг. Аварга техник нь тэнхээ чадал, эрч хүчийг мэдрүүлдэг. Экскаваторынх нь бүхээг гэр нь мэт санагддаг. Ээлжийн амралтаас ирэхдээ буйдхан энэ орчноо хачин их санасан байдаг гэнэ.

Цар тахлын дэгдэлтийн үед улс орныхоо эдийн засгийг аврахаар уурхайчид “галын шугам”-нд ажилласаар… М.Болдбаатар, “Нөхцөл байдал хүндэрвэл хүний төвлөрлийг сааруулах үүднээс экскаваторын дөрвөн машинчийг ууланд нь карантилаад хоёр ээлжээр тулаа ажиллуулах сурагтай. Сэтгэл түгшихийн зэрэгцээ огшоод байх юм. Тэр цагт хамгийн түрүүнд гар өргөөд, сайн дураараа ууландаа үлдэнэ ээ” гэж ярих нь баатар мэт. Эрдэнэт үйлдвэр хамгийн үнэт баялгаа ажилтан хэмээн нэрийдсэн нь ийм учиртай.

М.Одгэрэл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх