Уудам монгол орны минь уул толгод цагаан нөмрөгөө өмссөн, идэр есийн ид хүйтэн тачигнах ахуй дор бид Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайг зорилоо. Эрс тэс уур амьсгалтай эх орныхоо ямар ч цаг үед уурхайчид хөдөлмөрлөсөөр. Биднийг очиход 1284 метрийн түвшинд уурхайчид ид ажиллаж байлаа. Аварга экскаватор тэсэлж сулласан, уулын цулаас 12 м3-ын багтаамжтай том шанагаараа тав хутгаад 130 тонны даацтай белазын тэвш дүүргэх нь бахдалтай. 2020 оны үйлдвэрлэлийн бүх үзүүлэлтийг Ил уурхайн хамт олон 100-аас дээш хувиар биелүүлжээ. Уулын цул олборлолтыг 24 сая 600 мянгаар төлөвлөсөн аж. Тэд 25 сая 700 мянган метр уулын цул ачиж, төлөвлөгөөнөөс нэг сая 100 мянган м3 уулын цул илүү олборлосон нь түүхэн дээд амжилт болов. Энэ амжилтад одоогийнхоо техникийн хүчин чадлыг 0,95 хувьд хүргэн ашиглаж чадсан нь нөлөөлжээ. Хөрс хуулалтын төлөвлөгөөг 10 сая 404 мянган метр кубээр төлөвлөж, оны эцэст 11 сая 229 мянган м3 хөрс хуулж, төлөвлөгөөг 107.9 хувьд хүргэв. Баяжуулах үйлдвэрт 32 сая тонн хүдэр өгөхөөр төлөвлөснөөс 32.5 сая тонн хүдэр нийлүүлсэн. Шинэ коронавирусын тархалтаас үүсэх эдийн засгийн хямралыг даван гарах, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтын хүрээнд Баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөө нэмэгдсэнтэй холбоотойгоор 500 мянган тонн хүдэр илүү нийлүүлж, үйлдвэрийн удирдлагаас өгсөн онцгой даалгаврыг биелүүлэв. Ингэснээр, Баяжуулах үйлдвэрт нийлүүлсэн хүдрийн төлөвлөгөө 101.6 хувиар биеллээ. Исэлдсэн хүдэр 4.2 сая тонныг олборлохоор төлөвлөснөөс 4.4 сая тонныг олборлож, биелэлт 104.8 хувьд хүрсэн. Ингээд нийт 36.9 сая тонн хүдэр олборлож, төлөвлөгөөнөөс 700 мянган тонн хүдэр илүү олборложээ. Ил уурхайн үндсэн үйл ажиллагааны нэг, өрөмдлөгийн ажлын төлөвлөгөө 105.3 хувиар биелж, тэсэлсэн уулын цул 25 сая 770 мянган метр куб буюу төлөвлөгөө 104.8 хувиар биелсэн байна. Баяжуулах үйлдвэрт нийлүүлэх хүдрийн зэсийн дундаж агуулга 0,459 хувьтай байхаар төлөвлөсөн бөгөөд биелэлт нь 0,4593 хувь болсноор 2406 тн зэс илүү үйлдвэрлэх боломж бүрджээ. Мөн молибдены агуулгыг 0,0146 хувиар төлөвлөж, биелэлт нь 0,0174 болсноор 996 тн молибден илүү үйлдвэрлэсэн байна. Түүнчлэн, Баяжуулах үйлдвэрт нийлүүлсэн хүдрийн дундаж агуулга 0.459 хувьтай байсан нь металл авалтад эергээр нөлөөлж, төлөвлөгөөнөөс 2406 мянган тонн зэс, 996 мянган тонн молибден илүү нийлүүлэх боломж бүрдсэн аж. Эдгээр үзүүлэлтүүд нь Ил уурхайн техник технологи шат дараатай шинэчлэгдэж, тасралтгүй сайн ажилласны үр дүн юм.
Өртөг зардал бууруулах чиглэлээр тодорхой ажлууд хийв
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд Ил уурхай өртөг зардал бууруулах чиглэлээр тодорхой ажлууд хийжээ. Үүний үр дүнд тус цех үйл ажиллагааныхаа зардлыг баталсан төлөвлөгөөнөөс 5.7 тэрбумаар, гүйцэтгэлд ногдох төлөвлөгөөнөөс 6.4 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан байна. Ил уурхайд технологийн тээврийн зардал 47-50 орчим хувийг эзэлдэг. Иймээс тээвэрлэлтийн зайг тодорхой хэмжээнд багасган, авто замын ашиглалтыг сайжруулснаар авто тээврийн өөрийн өртөг буурсан аж. Ингэснээр, батлагдсан төлөвлөгөөнөөс 10.5 тэрбум төгрөгийн зардал бууруулж, гүйцэтгэлд ноогдох төлөвлөгөөнөөс 12.9 тэрбум төгрөг тус тус хэмнэжээ. Нийт дүнгээр Ил уурхайн зардал, баталсан төлөвлөгөөнөөс 18.9 тэрбум төгрөгөөр, гүйцэтгэлд ногдох төлөвлөгөөнөөс 22 тэрбум төгрөгөөр буурсан байна. Ингэж өртөг зардал бууруулж ажилласнаар уулын цулын 9227 төгрөгөөр төлөвлөж байсан өөрийн өртгийг 8145 төгрөг болгон буулгав. Мөн нэг тонн хүдрийн өөрийн өртгийг 6270 төгрөгөөр төлөвлөж, 5658 төгрөг болгон бууруулжээ. Үүнийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулан ам.долларт шилжүүлэхэд ижил хэмжээнд барьж ажилласан байна. Тодруулбал, илүү үйлдвэрлэл явуулсан ч өөрийн өртгийг өмнөх хэмжээнд нь барьж ажилласан гэсэн үг юм.
Ил уурхай 71 үндсэн хөрөнгө худалдан авчээ
Өнгөрсөн онд Ил уурхайд нийт 43,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Гүйцэтгэлээр 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн аж. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулалтын төлөвлөгөө тоо хэмжээгээрээ бүрэн биелсэн байна. Учир нь төлөвлөсөн үнээс нийлүүлсэн үнэ бага байгаа нь худалдан авах болон тендер зохион байгуулах комисс оновчтой үйл ажиллагаа явуулсны үр дүнд 7,5 тэрбум төгрөгөөр зардал буурчээ. Хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэнээр оны өмнө ЭКГ-12 К хоёр экскаватор, СБШ-250 маркийн өрмийн машин нийлүүлж, угсран ашиглалтад оруулав. Мөн дугуйт түрэгч катерпеллер 824 К, КАТ-966 L дугуйт ачигч авч угсран ашиглалтад оруулсан юм. Мөн холин цэнэглэгч машин нийлүүлэгдсэн бөгөөд удахгүй ажилд орно. Энэ онд Ил уурхай 71 үндсэн хөрөнгө худалдан авч ашигласнаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тасралтгүй найдвартай жигд ажиллах нөхцөл бүрдлээ.
Энэ онд 27 сая м3 уулын цул олборлоно
2021 онд Ил уурхайн хамт олон өмнөө том зорилт тавин ажиллаж байна. Уурхайчид 2 сая 400 м3 хөрс хуулахаар нэмэлтээр төлөвлөжээ. Нийт 27 сая м3 уулын цул олборлоно. Энэ онд уурхай шинэ ТЭЗҮ-ээр ажиллах аж. 905-ын гүнтэй уурхайг тэлэх, өргөтгөх ажил явагдана. Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэн өсгөх бэлтгэл ажлын хүрээнд хөрс хуулалтын ажил түлхүү хийгдэнэ. Үүнтэй уялдуулан хөрс хуулалт, тэсэлгээ, өрөмдлөг, тээвэрлэлт, ачаа эргэлт гэх мэт ажлын ачаалал нэмэгдэнэ. Ингэснээр, үйлдвэрлэлийн хэмжээ эрс нэмэгдэх бөгөөд 2021 оны зорилтыг биелүүлэхийн тулд 11 экскаватор, долоон өрмийн машин ажиллана. Мөн 33 белаз өөрөө буулгагч авто машинаар уулын цул тээвэрлэх ажээ. Энэ үеэр бид зарим хүмүүсийн сэтгэгдлийг сонссон юм.
Тэргүүлэх маркшейдер Д.ЭРДЭНЭТҮЛХҮҮР: -2020 онд Ил уурхайн Маркшейдерийн алба уулын ажлын сар, улирал, жилийн төлөвлөгөө, тайланг тогтмол гарган ажиллалаа. Хэмнэлтийн горимд шилжин ажиллаж өрөмдлөгийн торыг томруулах аргаар нэг метр цооногоос гарах уулын цулын хэмжээг өсгөснөөр өрөмдлөг, тэсэлгээний ажлын зардал буурсан. Түүнчлэн, Мөчлөгт урсгалт тээврийн технологийн үндсэн чиглэл трассыг тодорхойлж, ТЭЗҮ-г хийж буй компанитай хамтран ажиллаж байна. Мөчлөгт урсгалт тээврийн технологийн проектын дагуу нийт 2,6 сая.м3 уулын цул олборлохоос 2020 онд 1,6 сая.м3 уулын цул олборлож үндсэн трансын чиглэлийг бэлтгээд байна. Хуучин, зэсийн 0,15-0,25 хувьтай балансын бус хүдрийг нэг ангиллаар овоолдог байсан ба 2020 оноос “9б-овоолго”-ын төслийг санаачлан проект хийж батлууллаа. Балансын бус хүдрийг 0,15-0,20 хувьтай ба 0,20-0,25 хувьтай гэсэн хоёр төрлөөр овоолго болгон тусад нь овоолсноор одоогоор 9б агуулахад 5,6 сая.тн хүдрийг Зэс 0,23 хувьтай дундаж агуулгатай хүдрийн нөөц бэлтгэн баяжуулах үйлдвэрт нийлүүлэх боломж бүрдсэн. Мөн төвийн ордын 1400,1415-р түвшнүүдийн тойруу өгсөж явдаг замыг шулуун болгосноор 0,8 км зай хэмнэснээр 850 сая төгрөгийн бодит хэмнэлт гаргасан, гэх мэт төслүүд хэрэгжүүлж ажиллалаа.
Уулын ажлын хэсгийн орлогч дарга Л.АЛТАНТУЛГА: Өнгөрсөн онд Уулын ажлын хэсэг хөрс хуулалт, хүдэр олборлолт болон бусад үйлдвэрлэлийн үзүүлэлтийг 100-аас дээш хувиар давуулан биелүүллээ. Нийт 10 экскаватораар төлөвлөгөөгөө биелүүлж ажиллалаа. Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалт, техник технологийн шинэчлэлийн хүрээнд 2019 онд ОХУ-ын “Из-Картекс” үйлдвэрийн ЭКГ-12К маркийн хоёр экскаваторыг амжилттай угсарч ашиглалтад оруулсан. 2020 онд мөн хоёр экскаваторыг манай хамт олон өөрсдийн хүчээр 35 хоногийн хугацаанд угсарч ашиглалтад оруулсан онцлог жил байлаа. ОХУ-д сүүлийн үед үйлдвэрлэсэн эдгээр ийн экскаваторууд 12 м3 шанаганы багтаамжтай, өмнө нь нийлүүлсэн ЭКГ-10 маркийн экскаваторуудаас цахилгаан зарцуулалт 30 хувиар бага, ажлын бүтээмж 20 хувиар илүү, орчин үеийн хяналтын болон аюулгүй байдлын системээр бүрэн тоноглогдсоноороо давуу талтай юм.
Хэсгийн орлогч дарга Б.БАРСБААТАР: Манай хэсэг өнгөрсөн онд 473 100 уртааш метр тэсэлгээний цооног өрөмдөх төлөвлөгөөтэй ажилласнаас 498 000 уртааш метр өрөмдлөгийн ажил гүйцэтгэж, төлөвлөгөөг 105,2 хувиар биелүүллээ. Мөн 24 600 мян.м3 уулын цул тэсэлж бэлтгэх төлөвлөгөөтэй ажилласан. 25 770 мян. м3 уулын цул тэсэлж, төлөвлөгөөг 104,7 хувиар давуулан биелүүлсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалт техник технологийн шинэчлэлийн хүрээнд СБШ-250 МНА-32 хоёр өрмийн машиныг жил дараалан ашиглалтад хүлээн авсан. Ингэснээр, 2021 оны уулын ажлын төлөвлөгөөний дагуу 529 400 уртааш метр тэсэлгээний цооногийн өрөмдлөг, 27 000 мян м3 уулын цулыг тэсэлж бэлтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Ийнхүү, уурхайн гүнээс биднийг хөдлөхөд үелэн тогтсон уулын мөргөцгийг өвлийн цасан ширхэг хучсан байв. Он жил нисэн одовч уурхайчид энэ л уулаас эрдэнэсийн цулаа олборлоно. Хүчит техник, хүний гараар цогцлоох хөдөлмөрийн энгүүн арвин амжилтын эздээр энд ирсэн хэнбугай ч бахдах сэтгэл төрөх ажгуу. Эх орныхоо хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулж яваа Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын ажил хөдөлмөр арвин байна.
Т.Батчулуун