“Зөв аарц” 51 сая хүн амтай БНСУ-д албан ёсоор экспортлогдож эхэлжээ. Монголын олон мянган залуучууд Солонгос улсад ажиллаж амьдарч байна. Тэдэнд эх орныхоо бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой болсон сайхан үйл явдал болжээ. Зөвхөн Монголчууд гэлтгүй Солонгос иргэд ч маш их сонирхож, худалдан авалтыг нэмэгдүүлсэн байна. Дэлхий дахин COVID-19 үүдэлтэй санхүүгийн асуудал үүсч, улс орны хувьд эдийн засгийн хүндхэн үетэй нүүр тулж байгаа энэ цагт Монгол брэнд худалдааны томоохон зах зээлтэй улс орнуудад экспортлогдож байгаа нь эдийн засаг, экспортын хувьд томоохон боломж юм. “Зөв аарц” бол малчдаас түүхий эдээ авч Монголд ургасан жимсээр баяжуулсан “Монгол бүтээгдэхүүн”. Малчдын боловсруулсан сүү, Монгол жимсийг валют болгож байна гэдэг бол экспортын хамгийн том үнэ цэнэ гэж харж байна.
“Nice Mongolia Cargo” тээвэр зуучлалын компанийн захирал Д.Даваабаатартай холбогдлоо.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.
Сайн. Сайн байна уу?
-Та бүхэн Зөв брэндийн “Зөв аарц”-ыг БНСУ-д худалдаалж эхэлсэн байгаа. Юуны өмнө баяр хүргэе. Гаднын улс руу үндэсний бүтээгдэхүүнээ гаргаж экспортлох ажил хэцүү байсан уу?
Баярлалаа. “Зөв аарц”-ыг анх Солонгос улс руу экспортлох саналыг 2020 оны 5 дугаар сард ТЭСО компаниас санал болгосон. Тухайн үед Корона вирус гарсан асуудалтай үе байсан. Солонгос улсад гаднаас бүтээгдэхүүн оруулж ирэх асуудлаар судалгаа хийж, материалаа бүрдүүлж, өнгөрөгч 9 дүгээр сард хүнсний бүтээгдэхүүн оруулж болох зөвшөөрлөө авлаа. Анхны “Зөв аарц”-аа 5 төрөлтэйгөөр ачилт хийсэн. Солонгос улсад бүтээгдэхүүн маань очоод шинжилгээнд ороод 12 сарын сүүлээр албан ёсоор худалдаалах зөвшөөрлөө авсан. Бараг нийт хагас жилийн хугацааг зарцуулж “Зөв аарц” маань Солонгос улсад албан ёсоор худалдаалах боломжтой болсон.
-Солонгос иргэд “Зөв аарц”-ыг хэрхэн хүлээн авч байна?
Солонгосчууд маш их холбогдож байна. Их сайн хүлээн авч байгаа. Солонгосын худалдаа эрхлэгчид ч мөн “Зөв аарц”-ыг худалдан авч, цааш нь борлуулах сонирхол маш их байгаагаа илэрхийлж, утсаар холбогдож байна. Олон сүлжээ дэлгүүр, жижиг худалдааны төвүүд өөрсдөө худалдан авч цааш нь иргэддээ борлуулах сонирхолтой байгаа.
-Бүтээгдэхүүний онцлогоос та бидэнд мэдээлэл өгөх үү?
Солонгос улсад байгаа Монголчууд гэлтгүй Эх орондоо байгаа Монголчуудын хувьд ч маш их хэрэглэх дуртай бүтээгдэхүүн шүү дээ. Хүйтэн сэрүүний улирал болоод Корона вирустай энэ үед дархлаа дэмжих амин дэмээр баялаг бүтээгдэхүүн байгаа. Энд байгаа Монголчууд болоод Солонгосчууд маань дархлаа дэмжих Эко бүтээгдэхүүнтэй болсондоо маш их баяртай байгаа. Монголчууд талархсан сэтгэгдлээ хүртэл илэрхийлж байна.
-“Зөв аарц” Солонгос улсад ямар дэлгүүрээр худалдаалагдаж байгаа вэ?
Одоогоор Карго болон Монгол тауны дэлгүүр, захиалга шууд хүргэлтээр борлуулагдаж байна. Цаашид худалдаалах цэгүүдээ нэмэх болно.
-“Зөв аарц” хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байна?
Манай компанийг оруулж ирэхээс өмнө нэлээн үнэтэй байсан. 10 ширхэгтэй хатаасан аарц 20,000 вон гэх зэргээр худалдаалагдаж байсан. Харин манайх бол 50%-иар бага үнээр борлуулж байна. 10 ширхэгтэй хатаасан аарц 10,000 вон.
-БНСУ-ын зах зээлд Монголын өөр хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгдэж байсан уу?
Сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд бол “Зөв аарц” анхных болж байгаа. Бүх төрөл нь маш их зарагдаж байгаа. Эхний ээлжинд орж ирсэн бүтээгдэхүүн маань дууссан. Чацаргана, Аньстай, цэвэр аарц болон аарцан үрэл эхний ээлжинд орж ирсэн. Өнөө маргаашгүй Монголоос бүтээгдэхүүн ирж байгаа. Энэ өвөл бол Солонгост байгаа Монголчууд болоод Солонгосын иргэд дархлаагаа маш сайн дэмжихээр боллоо.
Бидэнд мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: ikon.mn