Сүрьеэ нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг, хүнээс хүнд амьсгалын замаар дамжин халдварладаг нийгмийн халдвартай өвчин.
Сүрьеэтэй хүн ханиалгах, найтаах, ярих, дуулах үед сүрьеэгийн нян агаарт цацагдаж улмаар бусдад агаар дуслаар халдвар дамждаг.
Гэхдээ халдвартай хүний хажууд байж, халдвартай агаараар амьсгалахад заавал сүрьеэгээр өвчлөхгүй, халдварыг тээж болно. Өөрөөр хэлбэл, сүрьеэгийн халдвар авсан хүн бүр өвдөнө гэж ойлгож болохгүй. Судалгаагаар 10 хүн халдвар авч байхад нэг нь өвдөх магадлалтайг тогтоосон байдаг.
Харин эмчийн зааврын дагуу эмчилгээг бүрэн хийлгэвэл СҮРЬЕЭ ЭДГЭРДЭГ өвчин.
Сүрьеэгийн нян биеийн аль хэсэг, эрхтнийг гэмтээснээс хамаарч дараах шинж тэмдэг илэрдэг байна. Үүнд:
- Хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгах
- Цээжээр өвдөх
- Цэр, цустай цэртай ханиалгах
- Ядрах
- Биеийн жин буурах
- Хоолны дуршил буурах
- Халуурах
- Шөнө хөлрөх
Хэрэв танд дээрх шинж тэмдгүүдээс илэрвэл өөрийн амьдардаг аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансерт хандаж, цээжний гэрэлд харуулах эсвэл цээжний рентген зураг авахуулах, цэрий шинжилгээ өгөх хэрэгтэй. Харин хүүхэд бол туберкулины арьсны сорилыг хийлгэж, сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлох хэрэгтэй.