“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ оны анхны дугаарт Монголын хөгжлийн гол тулгуур болсон Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг урьж ярилцсан юм.
БОГИНО ХУГАЦААНЫ БОДЛОГООР ХӨГЖИХГҮЙ
-Манай орны хөгжил үндэстний онцлог давуу талыг эдийн засаг, нийгмийн дэвшил болгон хувиргах, хувь хүний болон төрийн чадамж, урт хугацааны тогтвортой бодлого гэсэн гурван тулгуурт хүчин зүйлээс хамаарна.
Улс бүр өөрийн онцлогтой, бусдаас ялгагдах давуу, сул талтай. Монголын хувьд далайд гарцгүй, эрс тэс уур амьсгалтай боловч онгон зэрлэг байгалтай, эдийн засаг, цэрэг улс төрийн үлэмж нөөц бүхий хоёр том хөрштэй. Зэс, нүүрс, алт, төмөр зэрэг шавхагдах, нар салхи гэх мэт шавхагдахгүй баялаг нөөцтэй. Эдгээр нь Монголын онцлог юм. Манай улс хүн амын тоогоор дэлхийд 136-д жагсаж, хамгийн сийрэг суурьшсан орон. Дэлхийн улс орны төрийн чадамжийг илэрхийлдэг олон төрлийн үзүүлэлт байдаг. Үүгээр бол “чадамж сул” ангилалд багтдаг. Гадаад дотоодын эрдэмтэд Монголын төрийн бодлого залгамж чанаргүй, сонгогчдын сэтгэлзүйд нийцсэн богино хугацааны шинжтэй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Тэгэхээр бид хөгжихийн тулд онцлог, давуу байдлаа зөв таньж, цөөн хүн амынхаа хөгжлийг тэргүүнд тавьж, урт хугацааны тогтвортой бодлого хэрэгжүүлдэг чадамжтай төрийг бий болгох шаардлагатай. Учир нь эдийн засгийн өсөлт, нэг хүнд ногдох үндэстний баялгийн хэмжээ нь улс орны хөгжлийг ерөнхий утгаар тодорхойлдог. Ийм ойлголтод Дэлхийн банк, Олон улсын Вальютын сан, Дэлхийн эдийн засгийн форум, Эдийн засгийн хөгжил хамтын, ажиллагааны байгууллага гэх зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд санал нэгдсэн. Гэхдээ, ямар аргаар эдийн засгаа өсгөх, нэг хүний эзэмших баялгийг хэрхэн өсгөх вэ гэдэгт нэгдсэн арга, ойлголтод дэлхий нийтээр санал нэгдээгүй. Өөрөөр хэлбэл, ямар арга, хэрхэн өсгөх тухайд тогтсон ойлголт, нэгдмэл хариулт байхгүй. Иймээс улс орны хөгжил харилцан адилгүй байна. Жишээлбэл, гарааны нөхцөл ойролцоо хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын хөгжил хоорондоо эрс ялгаатай. Монгол Улс бүрэлдэхүүнд нь багтаж явсан. Гэвч эдгээр орнууд, сүүлийн 30 жилийн хугацаанд эдийн засгийг өсгөх чиглэлд ижил төстэй арга хэрэгжүүлсэн боловч хоорондоо эрс ялгаатай үр дүнд хүрсэн байдаг. Өөрөөр хэлбэл, төсөөтэй арга хэрэглэсэн боловч ялгаатай хөгжлийн түвшинд хүрч байгаагийн шалтгаан нь улс орон бүр байршил, хүн ам, үндэстний бүтээмж, нөөц, технологийн хөгжил зэргээрээ харилцан адилгүй байна. Үүнийг төрийн бодлогын чиглэл, алсын хараа, чадамжийн ялгаатай байдалтай холбон тайлбарлахаас өөр аргагүй. Бидний монголоороо байх цаашид хадгалж, хамгаалж явах ёстой зүйл нь газар нутаг, байршил, түүх соёл, хэл, зан заншил, ёс суртахуун, үндэсний спорт, байгалийн нөөц юм. Эдгээр нь хөгжлийн нэг тулгуур. Гэвч энэ хүрээнд хөгжлийг гацааж буй зүйл нь бидний сэтгэлгээ. Тодруулбал, бусдын гар харах, төрийг тэжээгчээ гэж бодсон, социалист сэтгэлгээний уламжлал, бэлэнчлэх нь хөгжлийн нэг гацаагч хүчин зүйлс нь болж байна. Голч, алсын хараагүй, чадамжгүй төрийн шинж нь бодлогын залгамжгүй, богино хугацааны ашиг, сонгогчдын өнөөдрийн дэмжлэгийг авахад чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг данхар бүтцэд байдаг. Тиймээс тогтвортой бодлого хэрэгжүүлдэг чадамжтай төрийг бий болгох нь манай улс хөгжлийн нэн тулгамдсан асуудал. Монголчууд бид төрөө өөрсдөө ардчилсан сонгуулийн зарчмаар байгуулж байна. Үүнд буруу зүйл байхгүй. Харин төрийн тогтолцоо, чадамж, хөгжлийн урт хугацааны бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд асуудалтай.
БЛОКЧЕЙН ТЕХНОЛОГООР ГАРГАСАН ШИЙДВЭР, ЗАСВАРЛАХ БОЛОМЖГҮЙ ХАДГАЛАГДДАГ
-Монголын хөгжлийн шийдлийг нэгдүгээрт, байгалийн баялгийн орлогоо хүнийхээ хөгжилд түлхүү зарцуулах. Манай улсын нэг хүнд ногдох ДНБ 10000 ам.доллар болж байж бид хөгжинө. Одоо 3600 ам.доллар байгаа. Байгалийн шавхагдах нөөц дуусах эсвэл хэрэгцээгүй болох үед мэдлэг шингээсэн нэмүү өртөг бий болгодог салбарууд Монголыг нуруун дээрээ авч явах болно. Тиймээс мэдлэг үйлдвэрлэх, нэмүү өртөг бүтээхэд хүний хөгжил, тэр дундаа чадвар, арга технологийг эзэмших явдал хамгийн чухал юм. Төрийн бодлогын төвд хүний бүтээмжийг нэмэгдүүлж илүү чадварлаг мэргэжилтэнтэй болох урт хугацааны зорилго байх ёстой. Хоёрдугаарт, орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан төрийн чадамжийг нэмэгдүүлэх. Төрөөс иргэнд хүргэх үйлчилгээг түргэн шуурхай болгоход мэдээллийн технологийн дэвшил шийдвэрлэх нөлөөтэй. Жишээлбэл, Истоно, Гүрж зэрэг орон төрийн үйлчилгээний 90 гаруй хувийг жилийн 365 хоног, 24 цагт цахимаар авдаг болсон. Блокчейн технологийг ашиглан төрийн албан тушаалтны гаргасан шийдвэр, түүний дараалал нь эргэн засварлах боломжгүй хадгалагддагаар давуу. Энэ нь авлига, хүнд суртлыг бууруулж, төрийн бодлогын залгамж чанарыг сайжруулна. Ингэснээр төрийн чадамжийг сулруулдаг авлигатай тэмцэхийн зэрэгцээ төрийн чадамжийг сайжруулахад түлхэц болох нь гарцаагүй юм. Байгалийн баялаг бол хөгжлийн нэг чухал үндэс. Харин түүнээс олсон орлогоо мэдлэг боловсрол, бүтээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулах ёстой. Ийм замаар европ, хойд Америкийн орнууд хөгжлийн өндөр түвшинд хүрсэн. Хэрэв байгалийн баялгийн орлогоо хүний хөгжил, чадвар, бүтээмжид зориулна, боловсролыг хөгжлийн тэргүүлэх чиглэлд барина гэж тогтвол түүнийг урт хугацаандаа тухайлан хэрэгжүүлдэг. Жишээлбэл, Засгийн газар, УИХ багш нарын цалинг төрийн албаны системд хамгийн өндөрт нь байлгана гэж шийдвэл, түүнийгээ урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлдэг байх шаардлагатай. Харин нэг засаг солигдохоор энэ бодлого өөрчлөгдөөд байвал Монгол Улс хөгжлийн тэргүүлэгч бодлогогүй болно гэсэн үг.
ӨМНӨГОВЬД ӨВЧИН БҮРТГЭГДВЭЛ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ
-Миний хувьд сөрөг хүчин Засгийн газраа байгуулсан үед аймгийн Засаг даргаар сонгогдлоо. Хэрхэн ойлголцож, урагшилж чадах бол гэсэн асуулт, хүлээлт нутгийн иргэдэд байгаа нь лав. Ялангуяа мөрийн хөтөлбөртөө оруулсан гол амлалтуудаа хэрэгжүүлэх боломжийн тухайд тэд сонирхож байгаа нь мэдээж. Өмнөговь бол Монгол Улсын эдийн засгийн хувьд чухал аймаг. Энэ утгаараа Засаг даргаар томилогдсон өдрөөс эхлэн аймгийн нутаг дэвсгэрт “COVID-19” вирусыг тараахгүй байхын төлөө ажиллаж байна. Хэрэв энэ өвчин манай аймагт бүртгэгдвэл, зөвхөн Өмнөговийн төдийгүй, Монгол Улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Засгийн газраас Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтыг “ногоон бүс” болгон зарласан. Энэ хүрээнд PCR шинжилгээний явуулын лабораторийг Гашуун сухайт боомтод байгуулсан. Цар тахлын нөхцөлд Монгол Улсын төсвийн орлогыг бууруулахгүй байх, бизнес эрхлэгчдээ дампууралд оруулахгүй байхын төлөө Засгийн газартайгаа сайн хамтран ажиллаж байгаа. 2020 оны өвөл, хавар, намар “COVID-19” цар тахлын улмаас хөл хорионы дэглэм тогтож, Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Гадаад, дотоод жуулчдын Монголыг зорих газрын нэг нь Өмнөговь аймаг. Энэ утгаараа олон тооны жуулчны бааз, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ, тэдгээрийг дагасан ажлын байр бий. Цар тахал гарснаас хойш өнөөдрийг хүртэл жил гаруй хугацаанд энэ салбар бүрэн зогсонги байдалтай байна. Мөн зэс, нүүрсний экспорт цар тахлын улмаас буурсан. Энэ нь Өмнөговьд үйл ажиллагаа явуулдаг уул уурхай, тээвэр, үйлчилгээний олон зуун компани, тэдний хэдэн мянган ажилчдын орлого, ажлын байр үгүй болоход нөлөөлсөн. Өнгөрсөн жилийн тухайд Өмнөговь аймгийн 13 суманд зундаа гандуу, бороо хургүй байсан. Үүнээс шалтгаалан малчдын отор нүүдэл ихэссэн. Тэдний амжиргааны гол эх үүсвэр ноолуурын үнэ ч бага байлаа. Мөн махны үнэ буурсан. Одоо мал хорогдоод эхэллээ. Өөрөөр хэлбэл, “Covid-19” цар тахлаас гадна байгалийн ган зудны нөлөө малчид, иргэдийн амьдрал, амжиргаанд сөргөөр нөлөөлсөн хүнд цаг үед бид ажиллаж байна.
КОМПАНИУД УДИРДЛАГЫН ОФФИСОО ӨМНӨГОВЬД БАЙГУУЛАХ НЬ АСУУДАЛ БАГА ДАГУУЛНА
-Уул уурхайн компаниудын зарим зохисгүй үйл ажиллагаанаас болж нутгийн байгаль орчин, иргэдэд олон асуудал тулгардаг. Өмнөговь аймаг ашигт малтмалын 80 гаруй орд, 200 гаруй илрэлтэйгээс “Тавантолгой”, “Оюутолгой”, “Нарийнсухайт” зэрэг стратегийн ач холбогдолтой гурван томоохон орд газар тогтоогдож нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд “Оюутолгой”, “Тавантолгой”, “Эрдэнэс тавантолгой”, “Энержи ресурс”, “Мөнх ноён суварга”, “Дун юань”, “Олон овоот гоулд”, “Зөв зүг”, “МАК”, “Чинхуа-Мак-Нарийн сухайт”, “Саус гоби сэндс”, “Өсөх зоос”, “Терра энержи”, “Жавхлант” орд зэрэг 14 компани ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Уул уурхай тус аймгийн хөгжлийн гол тулгуур бөгөөд уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчин болон нийгэмд эерэг, сөрөг үр дагаврууд бий болсон байна. 2008 оноос хойш уул уурхайн салбар хэрхэн тэлж буйг олборлох салбарын лиценз олголтоор 2008 он хүртэл нийт 573.2 мянган га талбайд ашиглалт, хайгуулын лиценз олгосон бол 2018 оны байдлаар 808.3 мянган га талбайгаар нэмэгдсэн байдаг.
Олборлолтын үйл ажиллагаа явуулж буй эдгээр 14 аж ахуйн нэгжийн нэгээс бусад нь Өмнөговь аймагт удирдлагын оффис байхгүй. Өөрөөр хэлбэл, Улаанбаатараас уурхайгаа удирддаг. Энэ нь нутгийн иргэд, олон нийтийн асуудлыг ойлгохгүй, байгаль орчны өөрчлөлтийг анзаарахгүй, орон нутгийн удирдлагатай хийх хамтын ажиллагаанд хойрго хандах үндэслэл болдог. Иймд олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн удирдлагын оффисыг Өмнөговь аймагт байгуулах асуудлыг дэвшүүлнэ. Ядаж л хотын түгжрэл багасна. Өмнөговь аймаг маань уул уурхайн эдийн засаг, санхүүгийн төв болно.
ТӨМӨР ЗАМ ДАГУУ УСНЫ ГУРАВДАГЧ НӨӨЦ ТАТАЖ БҮРДҮҮЛЭХЭЭС ӨӨР ГАРЦ ҮГҮЙ
– Говийн гол тулгамдсан асуудал ус гэдгийг өнөөдөр бүх хүн хүлээн зөвшөөрнө. Малчдаас эхлээд бүгд л усны асуудалтай тулгарч байна. Гэсэн ч өнөөдрийг хүртэл бодитой шийдэл гарсангүй. Өмнөговь аймгийн усны асуудлыг нэгдүгээрт, унд ахуйн зориулалттай усны зохистой хэрэглээ, чанарын асуудал. Энэ хүрээнд бид ирэх дөрвөн жилийн хугацаанд суурин газрын иргэдийн усны чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Аймгийн 6108 малчин өрхийн 3.0 сая гаруй толгой мал 4934 бэлчээрийн худгаас ус ууж байгаа нь нийт малын тоог хонин толгойд шилжүүлснээр нэг худгаас 800-3700 толгой мал ундалж, нэг худгаас ус уух малын тоо стандартаас 2-3 дахин хэтэрсэн. Отор нүүдлийн үед нэг худгаас 5000-10000 мал уухаар бөөгнөрч, худаг ус хүрэлцэхгүй, ус худаг шавхах асуудал үүсч байна. Аймгийн нийт бэлчээрийн 52 хувь усжуулагдсан. Бэлчээр усжуулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай болсон.
Одоо бүр усаа булаацалдаад малчид нэгнийгээ буудаж хүний амь нас хохирч байна. Малчдын усны чанарыг сайжруулж бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд “Усжуулалтын II аян”-ыг хэрэгжүүлж цогц арга хэмжээ авна. Хоёрдугаарт, уул уурхай, аж үйлдвэрийн усны хангамжийн асуудал. Энэ хүрээнд хамгийн түрүүнд “Галба өөш долоодойн говь”-ийн усны сав газрын менежмент, бодлого, үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Энэ сав газрын усны хэрэглэгч нь Өмнөговь аймагт бий. Гэтэл сав газрын захиргаа нь Дорноговь аймагт харьялагддаг. Үүнээс үүдэн, ус хэрэглэгч уул уурхайн компаниас орох усны төлбөрийн орлогын төлөвлөлтөд тодорхой бэрхшээл тулгарч байна. Цаашдаа энэхүү усны сав газрын захиргааг Өмнөговь аймагт шилжүүлэх хэрэгтэй. Монголын говьд, тэр дундаа Өмнөговь аймагт уул уурхай, аж үйлдвэрийн олон том төсөл хэрэгжиж байна. Цаашдаа ч төслүүд хэрэгжинэ. Гэтэл манай говь нутаг гадаргын усны нөөцгүй. Гүний усны нөөц хязгаарлагдмал. Иймд хангай нутгаас усны гуравдагч нөөц татаж бүрдүүлэхээс өөр гарц байхгүй. Энэ хүрээнд ерөнхийлөгч, Засгийн газар, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжийн санаачилгыг тасралтгүй дэмжин ажиллах шаардлагатай.
Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин