“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны онцлох 10 үйл явдал

2021 оны 01-р сарын 02 өдөр, 14 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ontsloh_10

1. “ТОП-100” аж ахуйн нэгжийг 18 дахь удаагаа тэргүүллээ 


Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас хамтран жил бүр шалгаруулдаг Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 18 дахь удаагаа тэргүүллээ. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баялаг бүтээгч уурхайчин хамт олон 2019 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг зуугаас дээш хувиар биелүүлж, хүдэр олборлолтыг 37.2 сая тн, хүдэр боловсруулалтыг 32.2 сая тоннд хүргэсэн нь үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Үр дүнд нь улс, орон нутгийн төсөвт 962 тэрбум төгрөг төвлөрүүллээ.

2. Үйлдвэрлэл, эдийн засгийн өндөр үзүүлэлттэй ажиллалаа


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 онд үзүүлсэн амжилтаа дахин ахиулж, 2020 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 36,9 сая тн. хүдэр олборлож, 32,5 сая тн. хүдэр боловсруулахаар байна. Эрдэнэт үйлдвэр, техник технологио шинэчлэх замаар үйлдвэрлэлээ өсгөн, улс, орон нутгийн төсөвт нэг их наяд төгрөгийг давсан орлогыг төвлөрүүлж, үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 100-аас дээш хувиар биелүүлж ажиллалаа. Эрдэнэт үйлдвэрийнхээ хөгжил дэвшилд хоёргүй сэтгэлээр зүтгэж, ажлын өндөр бүтээмжтэй ажиллаж буй баялаг бүтээгчдээ эдийн засгийн хүндрэлтэй, цар тахлын үед ч бодлогоор дэмжин, нийт ажилтан, ажилчдынхаа бодит орлогыг нэмэгдүүлэн үндсэн цалинг 10 хувиар нэмж, Эрдэнэт үйлдвэрээс гавьяаны амралтдаа гарсан 2,500 гаруй ахмадын тэтгэврийн нэмэгдлийг 30-40 хувиар өсгөлөө.

3. “Эрдэнэтийн-Овоо” ордын хүдрийн биетийг бүрэн судалж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэн, олон улсын JORC стандартаар баталгаажууллаа


Эрдэнэт үйлдвэр цаашид 60-70 жил ажиллах боломжтой геологийн нөөцөө олон улсын стандартаар баталгаажуулах ажлыг дуусгалаа. Ийнхүү, “Эрдэнэтийн-Овоо” ордын нөөц баялгийг нэмэгдүүлэн, Дэлхийн жишигт нийцсэн Олон улсын Жорк стандартаар баталгаажууллаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хүрээнд Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл хэрэгжиж, томоохон төслүүдийг боловсруулан үйлдвэрийн хөгжлийг хангах нөөц, баялгийг баталгаажуулсан томоохон ажлыг Монгол Геологичид удирдан, Австралийн компани гүйцэтгэв. Хоёр жилийн хугацаанд  нийтдээ 40 гаруй мянган тууш метр шалгах өрөмдлөг хийжээ.

4. Хөгжлийн үндсэн чиглэлийн хүрээнд бүтээн байгуулалт болон техник технологийн шинэчлэлд хөрөнгө оруулалт хийж, шинэ техник, технологийг нэвтрүүллээ 

  • 2019 онд Эрдэнэт үйлдвэр 410 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг техник, технологио шинэчилж, нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалтад зориулсан бол 2020 онд энэ тоог хоёр дахин нэмэгдүүлж, 830 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн гүйцэтгэлээр 700 тэрбум төгрөгийн ажил хийж гүйцэтгэснээр 130 тэрбум төгрөгийн ажил ирэх 2021 онд шилжихээр боллоо. Ингэснээр үйлдвэрлэлийн болон нийгмийн төсөл хөтөлбөрүүд гараанаас хөдөлж, техник технологийн шинэчлэлд том ахиц гарав.
  • Засвар механикийн заводод хэрэгжүүлэх төслийн эхний үе шат болох Цутгуурын цехийн өргөтгөл, шинэчлэлийг Германы FAT компанийн мэргэжилтнүүдтэй хамтарч амжилттай гүйцэтгэлээ. Цутгуурын цехийн өргөтгөл ашиглалтад орсноор Эрдэнэт үйлдвэрийн өрсөлдөх чадвар өсөн нэмэгдэж, цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ 25-30 хувиар өсөж, өөрийн өртөг тонн тутамд 120 гаруй ам.доллароор буурч, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж байна.
  • Ган бөөрөнцгийн цехэд нүүрс хийжүүлэх зуухны ажиллагааг сольж, индукцийн технологи нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэж, бүтээгдэхүүний чанарт ахиц гарлаа. Тус цех хоногт 100-гийн голчтой шаар 100 тонн, 80-ын шаар 80 тонн, 40-ийнхийг 18 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай боллоо.
  • Техникийн шинэчлэлийн хүрээнд Ил уурхайн өрөмдлөг, тэсэлгээний хэсэгт СБШ-250МНА-32 маркийн өрмийн машин хоёр ширхгийг угсарч, ажилд гаргав. Ингэснээр хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны нөхцөл, бүтээмж дээшиллээ. Мөн уулын чулуулаг ухаж ачих  зориулалттай  ЭКГ-12К маркийн 12 куб метрийн багтаамжтай шанага бүхий хоёр экскаваторыг угсарч, уулын их ажилд хүч нэмлээ.
  • Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт хоёрдугаар шатны хүдэр нунтаглалтын МШЦ 5.5х6.5 маркийн, ММС90х30А маркийн шинэ тээрмүүдийг ашиглалтад орууллаа. Тээрэм шинэчлэгдсэнээр үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа хангагдаж, хэвийн жигд ажиллана. Мөн Бутлан тээвэрлэх хэсгийн 12-р бутлуурыг АНУ-ын METSO фирмийн МР-800 бутлуураар шинэчлэн солилоо. Ингэснээр төв корпус руу өгөх хүдрийн хэмжээ өсөж, тээрмүүдийн цагийн ачаалал нэмэгдсэнээр нэмэлт орлого олох боломжтой боллоо.
  • Авто тээврийн цехийн Технологийн тээврийн хэсэгт 130 тоны даацтай Белаз-75131 маркийн өөрөө буулгагч таван автомашиныг тус цехийн Засварын хэсгийнхэн угсарч ажилд гаргалаа. Шинэ белазуудаар хүч нэмснээр технологийн тээврийн найдвартай ажиллагаа бүрэн хангагдаж, уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөө биелэх таатай нөхцөл бүрдэж байна.

5. Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд Төв штаб ажиллаж, хүндрэлийг даван туулах нэгдсэн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ 


Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд шинэ коронавирусын тархалттай холбоотойгоор үүсээд буй хүндрэлийг даван туулах, сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зохих арга хэмжээг шуурхай зохион байгуулах зорилгоор Төв штаб болон чиглэл хариуцсан штабуудыг Ерөнхий захирлын А/139 тоот тушаалаар байгууллаа. Төв штабаас уурхайчдын ажлын байр, цалин хөлс, урамшууллыг тогтвортой хадгалж, уурхайчдын гэр бүлийг эрсдэлээс хамгаалах, улс, орон нутгийн төсөвт оруулж буй хувь нэмрийг бууруулахгүй байх  үндсэн зорилго дэвшүүллээ. Эдийн засаг санхүүгийн хүндрэлийг урьдчилан тооцоолж, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч байна.

Үйлдвэрийн газрын хэмжээнд өртөг, зардлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж ажилласнаар 2020 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр зардлыг 33 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. Худалдан авалтыг нэгдсэн зохион байгуулалтад оруулснаар 88 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргалаа. Мөн 11,700.0 тн зэсийн баяжмал,   934.12 тн молибдены баяжмал төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэж, зэсийн үнийн уналтаас шалтгаалсан экспортын бүтээгдэхүүний борлуулалтын орлогын бууралтыг сааруулах арга хэмжээ авч ажилласны үр дүнд 47.4 тэрбум төгрөгөөр орлогыг нэмэгдүүлж ажиллалаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааны 24 дүгээр тэмдэглэлээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулж, шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч ажилласан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажлыг сайшаан тэмдэглэв” гэж дүгнэлээ. Мөн Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т онцгой дэглэм тогтоосон хугацааны үйл ажиллагааны үр дүнгийн болон онцгой дэглэмийн хугацааг дуусгавар болгох талаар хэлэлцэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд үйлдвэрлэлийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангаж, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг сайжруулж, үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, эдийн засгийн зорилтуудыг ханган биелүүлж, хөрөнгө оруулалтыг жил тутам эрс нэмэгдүүлж ажилласныг сайшаан тэмдэглэв.” гэж дүгнэн 56 дугаар тэмдэглэл гаргалаа.

6. Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт тэргүүн байр эзэллээ


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ байгууллагын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт тэргүүн байр эзэллээ. МУ-ын Засгийн газраас дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг улсын үзлэгийг 2019 оны ээлжит үзлэгээр хоёр дахь удаагаа манлайллаа. Өмнө нь 2015 онд энэхүү улсын үзлэгийг тэргүүлж байсан юм. Үзлэгийн улсын комиссоос, тэргүүн байр эзэлсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олныг зохион байгуулалт, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой сайжруулж, цахим технологи нэвтрүүлэн ахисан түвшинд ажиллаж байна хэмээн үнэллээ.

7. Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны “Нэг цонх”-ны бодлого хэрэгжүүлж, 88 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт хийлээ


Үйлдвэрийн газрын хөгжлийн үндсэн чиглэл, үйлдвэрлэлийн төлөвлөгөө, техник, технологийн болон байгаль орчны бодлоготой уялдуулан эдийн засгийн үр өгөөжтэй, хэмнэлттэй, ил тод, нээлттэй, шударга өрсөлдөөнийг хангасан хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны “Нэг цонхны” бодлогыг амжилттай хэрэгжүүллээ. Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан зохион байгуулсан худалдан авах ажиллагаанд нийтдээ 1371 ажил, бараа материал худалдан авах гэрээг амжилттай байгуулсны үр дүнд Худалдан авах ажиллагааны төсөвт өртгөөс 88 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргалаа.

8. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнуудын дунд хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэллээ 


Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны үндсэн таван бодлогын нэг нь Хүний нөөцийн бодлого байдаг. Алсын хараатай, үр өгөөжтэй хүний нөөцийн бодлого, зорилтын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас Хүний хөгжлийн дөрвөн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. “Залуу ажилтныг дэмжих” хөтөлбөр, “Манлайлал авьяас чадвар”-ын хөтөлбөр, “Залгамж хөтөлбөр”, “Шинэ ажилтны дасан зохицох” хөтөлбөрүүд хэрэгжсэнээр Эрдэнэт үйлдвэр хүний нөөцийн шинэ үеэ бодлоготой, дэс дараатайгаар бэлтгэж байна. Эхний үедээ амжилттай хэрэгжиж буй цогц хөтөлбөрүүдэд нийтдээ 400 орчим ажилтан, ажилчид хамрагдаж байна.

9. Нийгмийн хариуцлагын хүрээнд уурхайчдын цогцолбор хорооллыг сүндэрлүүлж, уурхайчдынхаа амжилтыг амины орон сууцаар урамшууллаа

Нийгмийн хариуцлагын жишиг загвар болсон Эрдэнэт үйлдвэр олон жил үр бүтээлтэй, сайн санаачилга нэвтрүүлж ажилласан ажилтнуудынхаа ажлын үр дүнг харгалзан арван ажилтандаа Эко хороололд амины орон сууцны түлхүүр гардуулсан нь уурхайчдад өгсөн том урамшуулал боллоо.

Түүнчлэн уурхайчдынхаа орон байр, нийгмийн асуудлыг бодитой шийдэх зорилгоор 1300 айлын орон сууцны “Уурхайчин” цогцолбор хорооллыг бүтээн байгуулж байна. Баян-Өндөр уулын энгэрт байрлах уг хотхоны “Уурхайчин-1” орон сууцны хорооллын эхний ээлжийн барилга энэ онд сүндэрлэсэн бол ”Уурхайчин-2” хороолол ирэх онд баригдаж дуусна.

10. Эрдэнэт үйлдвэрээр овоглосон ажилтнууд алдар гавьяагаа дуурсгалаа  


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэрийн анхдагчдын нэг, үйлдвэрийн газрын сүлд тэмдгийн зохиогч, инженер Дүүгийн Адьяа Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртлээ.

Үндэсний их баяр наадмаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цехийн ажилтан, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын мэргэн Д.Дэмбэрэлсайхан “Даян мэргэн” цол хүртлээ. Тэрээр 40 сумнаас 38 онож, Үндэсний их баяр наадамд онч сорьсон 396 эрэгтэй харваачийг тэргүүлсэн юм. Их баяр цэнгэлийн хойморт ийнхүү Даян мэргэн төрснөөр Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт клубийн үндэсний сурын тамирчид Улсын их баяр наадмаас 15 дахь түрүүгээ авч байна.

Л.Л.Линховоин нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд дуучин Д.Дагвадорж амжилттай оролцон, “ГРАН ПРИ” шагнал хүртлээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дуу бүжгийн “Эрдэнэт” чуулгын гоцлол дуучин, МУСТА Даваасүрэнгийн Дагвадорж нь 2019 онд ОХУ-ын Улан-Үдэ хотод зохиогдсон Дуурийн дуучдын “Байгаль нуурын олон улсын III уралдаан”-д амжилттай оролцож тэргүүн байрыг хүртэж байсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх