УИХ-ын гишүүн Нанзадын Наранбаатарын 24 онцлох

2020 оны 12-р сарын 28 өдөр, 18 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Naranbaatar
  1. Өмнөговь аймгийн Даланзадгад хотод тээврийн жолоочийн гэр бүлд 1974 онд төрсөн. Тэрбээр зургаан хүүхэдтэй айлын хамгийн том нь.
  2. Хөгжим сонирхдог, дунд сургуульд байхдаа үлээвэр хөгжмийн хамтлагт бүрээ үлээдэг байжээ.
  3. Цэргийн Их Сургуулийг 1996 онд Цэргийн ар тал–Эдийн засагч мэргэжлээр төгссөн ардын армийн офицер. Төгсөөд сургуульдаа багшаар үлдэн, ажлынхаа гарааг эхэлсэн нь түүний сайхан дурсамжуудын нэг гэх.
  4. 1998 оноос энгийн салбарт шилжиж Төрийн өмчийн хороонд ажилд орсон нь төрд зүтгэх гараа нь болжээ
  5. Багш бүсгүйтэй гэр бүл болж, гурван хүүхдийн аав болсон.
  6. Түүний аав Р.Нанзад мотоспортын мастер, тамирчин хүн байсан. Тэр ч автомашин, мото спорт, буудлагын спортод дуртай болохоороо энэ спортыг дэмжиж, ивээн тэтгэдэг.
  7. 2002 онд аймгийн тухайн үеийн Засаг даргын урилгаар очиж, Татварын хэлтсийн даргаар томилогдон ажилласнаар өмнийн их говьдоо өөрийн хүч, чадлыг зориулах шангаа тавьсан гэлтэй.
  8. 2004 оноос улс төрд орж, ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон аймгийн ЗДТГ-ын даргаар 2009 оныг хүртэл ажиллажээ.
  9. Орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ний ТУЗ-ийн даргаар 2004-2009 онд ажиллаж, нүүрсний экспортыг анх эхлүүлснээр тус компанийн эдийн засгийн чадавхи сайжирч, нэгж хувьцааны үнэ өссөн. Улмаар хувьцааны 51 хувийг эзэмшдэг аймгийн төсөв нэмэгдэж 2006 оноос өөрийгөө санхүүжүүлдэг болсон. Одоогоор Өмнөговь аймаг улсдаа 50 гаруй тэрбум төгрөг татварын орлогоосоо төвлөрүүлж байна. Эндээс Н.Наранбаатарын ТУЗ-ийг хэрхэн удирдсан дүнг харж болно.
  10. Мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд анхаарч 2007 онд АНУ-д хэлний бэлтгэл, 2011 онд Калифорнийн Олон улсын Их сургуулийг мастер зэрэгтэйгээр төгссөн боловсрол өндөртэй нэгэн.
  11. Сургуулиа төгсөж ирээд уул уурхайн салбарт гурван жил ажиллан, бизнес эрхлэгчдийн зовлон жаргал, уул уурхайн үйл ажиллагааг нэлээд сайн мэддэг болжээ.
  12. Намын нөхдийн томилгоогоор аймгийн МАН-ын хорооны даргын үүрэгт ажлыг хийж 2016 оны УИХ болон Орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, аймгийнхаа Засаг даргаар сонгогдсон.
  13. Аймгийн даргаар ажиллахдаа жил бүр хоёр салбарыг сонгон зорилтот жил болгон хөгжүүлж, бүтээн байгуулалтыг төв хөдөөгүй өрнүүлсэн. Нэг жишээ хэлэхэд, Боловсролын салбарт анхаарал хандуулж олон ажил төлөвлөж хийснээр ЭЕШ-ын дундаж оноогоор улсын хэмжээнд сүүлийн байрнаас нэгдүгээр байр хүртэл ахисан гээд амжилт, ололтын буухиа олонтой.
  14. Өмнөговь аймаг 2017, 2018, 2019 оны ажлаараа бусад аймгаа хошуучлан жил дараалан гурван удаа Монгол Улсын Тэргүүний аймгаар шалгарч байсан. Түүний аймгаа удирдсан дөрвөн жилд ажилгүйдэл ядуурлыг бууруулсан үзүүлэлтээр улсдаа тэргүүлж, иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжирсан гээд хэлэх үг, хийсэн ажилтай л нэгэн.
  15. 2018 онд МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар тус аймгийг шилдэг бүтээн байгуулалтад олгодог “Төрийн гэрэгэ”-ээр шагнасан. Тэрбээр аймгийнхаа түүхэнд хамгийн их бүтээн байгуулалт хийсэн даргаар зүй ёсоор нэрлэгддэг.
  16. МАН-аас итгэл хүлээн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан. Тэрбээр 11 дүгээр тойргийнхоо нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, нутагтаа нэлээд нэр хүнтэй эрхэм.
  17. Шинээр гишүүн болсон даруй Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллав.
  18. Тэрбээр хөдөө орон нутагт тэр дундаа төрийн албанд мэргэжилтнээс нь аймгийн дарга хүртэл бүх албан тушаалыг шат дараалан хийсэн ажил, амьдралын арвин туршлагатай гишүүдийн нэг.
  19. Эрхэм гишүүн одоо говийн бүсийн усны асуудал дээр анхаарал хандуулж, уул уурхайн салбарт гүний ус хэрэглэхийг хязгаарлах, хангайн бүс нутгаас татах Орхон говь, Хэрлэн говь төслүүдийг дэмжин хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
  20. Уурхайчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажил амралтын горимыг тэнцвэртэй байлгах, гэр бүлдээ илүү цаг зарцуулдаг болгох тал дээр Хөдөлмөрийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар саналаа өгөн ажиллаж байна.
  21. Нүүрс тээврийн жолооч нарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тэдэнтэй хамтран олон чухал шийдвэрийг ЗГ, УОК-т уламжлан холбогдох шийдвэрийг гаргуулан, ажиллаж байгаа нь түүний нутаг орон, уурхайчдаа гэх чих сэтгэлтэйг тодотгоно.
  22. Чуулганы завсарлагаанаар тойргийнхоо 15 сум, хилийн боомтуудад ажиллаж сонгогчдынхоо санал хүсэлтийг төрийн бодлого шийдвэрт тусгах ажлыг хийж байгаа ажээ.
  23. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн ажлын хэсэг болон Байнгын хорооны хурлуудад аймаг, сумын чиг үүргийг тодорхой болгох, бие даан хөгжих боломжийг нээх, улс төржилтийг багасгах, төвлөрлийг сааруулах, ИТХ, ЗД-ын эрх үүргийг нэмэгдүүлэх зэрэг олон саналуудыг өөрийн туршлага дээрээ үндэслэн оруулж батлуулсан гээд төр түших үүргээ тун чиг сайн биелүүлж явна.
  24. Ган, зудтай байгаа аймгийнхаа малчдад зориулсан “Малчдаа дэмжие” аяныг намын нөхөдтэйгээ хамтран санаачилж өвс, тэжээлийн тусламж үзүүлж байгаад Өмнөговийн талархаж байгаагаа илэрхийлсээр.

Цар тахлын үед үүрэг гүйцэтгэж байгаа аймгийн Онцгой комисс, хилийн боомтуудад ажиллаж байгаа алба хаагчдад зориулж халдвар, хамгааллын хэрэгсэл хандивлажээ. Мөн тойргийнхоо зорилтот бүлгийн айл өрхөд амьжиргааг нь дэмжих хүнсний бараа бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлж, уул уурхай, эрдэс баялгийн үйлдвэрлэл, экспортыг тасалдуулахгүй байх зорилгоор УОК-т санал тавьж Өмнөговь аймгийг Ногоон бүс болгох, хилийн боомтуудын үйл ажиллагааг дэмжих ажлын хэсэг томилуулж газар дээр нь ажиллуулсан гээд Н.Наранбаатар гишүүний хийж, амжуулж байгааг цухас дурдахад ийм.

Тэрбээр цэргийн хүн учраас цэргийн анги байгууллагыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт татах, цэргийн албан хаагчдын нийгмийн асуудалд, говийн хүний хувьд уул уурхай, түүнийг дагасан үйлдвэржилт, бүтээн байгуулалт, байгаль орчин, усны асуудал, уурхайчид, нүүрс тээврийн жолооч нарын нийгмийн асуудалд, төрийн албанд олон жил ажилласны хувьд төрийн албыг нээлттэй ил тод, түргэн шуурхай, цахим болгох, төрийн албан хаагчдын нийгмийн асуудал, боловсрол мэдлэг, чадавхийг дээшлүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх зэрэгт онцгой анхаарч ажилладаг нь яах аргагүй түүний онцлог гэлтэй.

Эх сурвалж: 24barimt.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх