Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд ҮЭ-ийн холбооны 27 салбар, хороо ажилладаг. Саяхан ҮЭХ-ны тэргүүлэгчид хуралдаж, 2020 оны шилдэг хороодыг тодруулсан байна. Энэ жилийн шилдгүүдээр үйлдвэрлэлийн цехүүдээс Авто тээврийн цех, Засвар угсралтын цех, Цахилгаан цех, Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, нийгмийн цехүүдээс Спорт цогцолбор, Эрдэнэт сувиллын цогцолборын ҮЭ-ийн хороод шалгарсан байна.
Мөн оны “Онцлох хороо”-гоор Тээвэр ложистикийн төвийн үйлдвэрчний эвлэлийн байгууллага тодорчээ. Үйлдвэрчний эвлэлийн шилдэг нэгжийг шалгаруулахдаа тухайн жилийн ажлын төлөвлөгөөний биелэлт, санхүүгийн сахилга бат, идэвх санаачилга, ажилчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийсэн ажлын үр дүн зэрэг найман үзүүлэлтээр тодруулдаг байна. Тухайлбал, шилдэг ҮЭ-ний хороотой цехээр шалгарсан Засвар угсралтын цехийнхэн энэ онд ажилтнуудынхаа цалингийн зэрэглэлийг ангилал дээшлүүлснээр нийт ажилчдынхаа бодит орлогыг нэмэгдүүлжээ. Өөрөөр хэлбэл, цехийнхээ нийт 162 ажилтанд хүрч ажиллаж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд санал, санаачилгатай ажилласан үзүүлэлтээр шилдэг хороо болжээ. Харин Цахилгаан цехийн ҮЭ-ний хороо гурван чиглэлийн сургалтыг тогтмолжуулж, Холбоо мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийнхэн 100 хувь ҮЭ-ийн гишүүн болсон байна.
Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит 3 дугаар хурал энэ сарын 25-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдана. Хурлаар 2020 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайлан, Хяналтын зөвлөлийн тайлан болон бүтэц зохион байгуулалтын асуудал хэлэлцэнэ. Мөн ирэх 2021 оны ажлын төлөвлөгөө, түүнд зарцуулах төсвийг хэлэлцэж, батлах аж. Энэ удаагийн Гүйцэтгэх зөвлөлийн хурал “ковид-19” цар тахлын дэглэмийн үед болж буйгаараа онцлог бөгөөд цех нэгжүүдийн ҮЭ-ийн хорооны дарга нар цахимаар оролцоно.
М.Балжинням