Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах боловч 12 дугаар сарын 27, 28-ний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 28-ний өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч өмнөх хугацаанаас 10-15 градусаар чангарч Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -45…-50 градус, өдөртөө -32…–37 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -39…-44 градус, өдөртөө -27…-32 градус хүрч хүйтрэх төлөвтэй байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нийслэл Улаанбаатар хотын хувьд 12 дугаар сарын 27-30, ирэх оны эхний өдрүүдэд хүйтэн хадгалагдаж, шөнөдөө – 35…-40 градус, өдөртөө -25…-30 градус хүрч эрс хүйтрэх төлөвтэй байна. Иймд нийслэл хот болон төв, суурин газрын цахилгаан, дулааны хангамж, авто тээврийн зорчих хөдөлгөөнийг хэвийн явуулахад онцгойлон анхаарч, өвөлжилтийн нөхцөл, байдал хүндэрч болзошгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Хүйтний эрч эрс чангарч, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүйг анхааруулж байна
2020 оны 12-р сарын 24 өдөр, 16 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )