“Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

2020 оны 12-р сарын 23 өдөр, 15 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Suld

Монгол Улсын Үндсэн хуулийн Долоодугаар зүйлийн 1, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай 149 дугаар зарлигийг 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр гаргалаа.

Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг судлан тодорхойлж, “Эрдэнийн судар”-т тэмдэглэн үлдээсэн Соёл урлагийн их сургууль, Монголын Шинжлэх ухааны академи, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдаас гаргаж буй санал, санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж, монгол хүн, гэр бүл, төрт ёс, эх нутаг, монгол хэл, эрдэм боловсрол, ёс суртахуун, өв соёл, нүүдэлчин ухааныг монгол түмний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс мөн хэмээн үзэж, дээрх зарлигийг гаргажээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙН ДАГУУ:
  • “Эрдэнийн судар”-т тэмдэглэн үлдээсэн “монгол хүн”, “гэр бүл”, “төрт ёс”, “эх нутаг”, “монгол хэл”, “эрдэм боловсрол”, “ёс суртахуун”, “өв соёл”, “нүүдэлчин ухаан”-ыг хүүхдэд бага балчраас нь ойлгуулж, улмаар бүх шатны боловсролын байгууллагын сургалтын агуулгад тусган сурагч, оюутан залуучуудад танхимын болон танхимын бус сургалтаар бататган хөгжүүлэхийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийт багш, сурган хүмүүжүүлэгч нарт даалгав.
  • Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийг улс орны түүхэн цаг үеийн онцлог, үйл явдалтай уялдуулан төрөл зүйлээр нь бүртгэн товчоолох, хувьсал өөрчлөлтийн зүй тогтлыг нь судалж тодорхойлох ажлыг Шинжлэх ухааны академи, их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачдад хариуцууллаа.
  • Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг сурталчлан таниулах, хүртээн дэлгэрүүлэх, хүн бүрийн үндэсний ухамсарт суулгаж, сэтгэлийн чинадад хүргэн дархлаажуулахад бодитой хувь нэмэр оруулж, олон талт ажлыг зохион байгуулж байгаа иргэд, байгууллага, багш сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн судлаачдын үүсгэл санаачилгыг хөхиүлэн дэмжиж ажиллахыг бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн болон чөлөөт радио, телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх