Монгол Улс Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор зорилтот өрхүүдэд хүнсний дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлыг нийслэл, дүүргээс үе шаттай зохион байгуулж байгаа.
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2500 өрхөд хүнсний багц олгох ажлыг халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд зохион байгуулж байна.
Энэ удаагийн хүнсний багцыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Дэм дэмэндээ” аяныг өрнүүлэн, судалгаанд үндэслэн цар тахлын улмаас орлого нь зогссон дүүргийн 2500 өрхөд олгож байгаа юм.
Хүнсний багцыг тараах ажлын явц, халдвар хамгааллын дэглэм, зохион байгуулалттай дүүргийн Засаг даргын орлогч П.Давхарбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд нар танилцлаа.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд бүх нийтийн хөл хорио тогтоосон 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш нийтдээ 4500 өрхөд хүнсний багцын дэмжлэг үзүүлээд байна.