Солонгост суугаа монголчуудад зориулан албан ёсоор эрхлэн гаргаж буй анхны сэтгүүл хэвлэгдлээ

2020 оны 12-р сарын 14 өдөр, 14 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
130825269_2054264774703982_4371554726007409058_o

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс хөдөлмөрийн гэрээт иргэд болон Солонгост суугаа монголчуудад зориулсан “Нэг цэг” сэтгүүлийг хэвлүүллээ. Энэ нь албан ёсоор эрхлэн гаргаж буй анхны сэтгүүл гэдгээрээ онцлогтой юм. Сэтгүүлийг үнэгүй тараах бөгөөд хөдөлмөрийн гэрээт иргэддээ шуудангаар илгээнэ.

Солонгост суугаа монголчууд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөө “Нэг цэг” гэхээр андахгүй мэднэ. Өөр хоорондоо “Нэг цэгээс асууя”, “Нэг цэг дээр очоод шийдүүлчихлээ”, “Нэг цэг л мэдэж байгаа”, “Нэг цэг л авч чадаагүй цалин хөлсийг маань авч өглөө” гэлцдэг. Монголчууддаа ийм л танил, дасал болсон нэрийг сонгож, санаачлан “Нэг цэг” сэтгүүлийг ажил хэрэг болгосон хүн бол ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах юм. Тэрээр “Цар тахлын энэ үед иргэддээ мэдээ мэдээллийг нэг бүрчлэн хүргэх боломжийг “Нэг цэг” сэтгүүл бий болгож байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм. Бид хөдөлмөрийн гэрээт иргэддээ албан ёсны, бодит эх сурвалжаас үнэн тодорхой мэдээ мэдээллийг хүргэж байх зорилгоор сэтгүүл гаргаж эхэлсэн нь цагаа олсон, чухал шийдэл боллоо” гэлээ.

“Нэг цэг” сэтгүүлийн анхны дугаар 36 нүүрээр хэвлэгдсэн бөгөөд тус дугаарт “БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн 2020 оны онцлох ажлууд”, “Е-9 визээр оршин суугчийн гэр бүлийнхэн БНСУ-д зорчих боломж нэмэгдлээ”, “Гадаадад байхдаа ч Монгол Улсынхаа нийгмийн даатгалд даатгуулж болно”, “БНСУ цар тахлын үед виз сунгалттай холбоотой авч байгаа арга хэмжээнүүд” гэх мэт мэдээ мэдээллээс гадна хөдөлмөрийн гэрээт ажилчдын төлөөлөл Т.Мягмарбаярын “Анх Е-9 визээр ирж байсан би одоо цехийн дарга хийж, гэр бүлээ авчраад сайхан байна” гэсэн чин сэтгэлийн ярилцлага, “Мэргэжилтэн зөвлөж байна”, “Хууль эрхзүйн мэдээлэл”, “Эрүүл бие эрхэм баялаг”, “Гэр бүл, амралт, чөлөөт цаг”, “Хадгалаад ав, хэрэг болно” гэх зэрэг булангуудаар олон сонирхолтой зүйлс, ялангуяа, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт, сэрэмжлүүлэг, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэдэд зайлшгүй шаардлагатай мэдээ мэдээллүүд нийтлэгджээ.

“Нэг цэг” сэтгүүлийн анхны дугаар ийнхүү хэвлэлтнээс гарч уншигчдын гарт очлоо. Сэтгүүл цаашид сар тутам хэвлэгдэн гарч байх юм.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх