Засгийн газрын ээлжит бус хурал өнөөдөр хуралдаж, /2020.12.13/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Төрийн ордонд танилцуулаа.
Хуралдаанаас “COVID-19”-ийн халдварын цар тахлын энэ үед айл өрх, зарим ААН-үүдийн хэрэглээний эрчим хүч, дулаан, уур ус, усан хангамж, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 1-нээс 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл төр, засгаас буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хариуцах шийдвэрийг гаргав.
Мөн хуралдаанаас шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулж 937 төгрөг болгох шийдвэр гарлаа. Сайжруулсан түлш нэг тн нь 150 мянган төгрөг байсныг 50 хувь болгож буулгаад удаагүй байгаа юм.
Сангийн сайд Ү.Хүрэлбаатар хуралдааны үеэр “Сайжруулсан түлшний хөнгөлөлтийн үнийн зөрүүг “Эрдэнэс-Тавантолгой” компани гаргаж байна. Өмнө 50 хувь хөнгөлөхөд 46 тэрбум төгрөг гаргасан. Дахиад 23 тэрбум гээд нийт 69 тэрбум төгрөгийг хариуцан гаргаж байна” гэв.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл энэ үеэр нэг тонныг нь 37,5 мянган төгрөг болгон буурууллаа. Ингэснээр сайжруулсан түлшийг үнэгүй авч байна гэсэн үг. Одоо зарах 937 төгрөг нь аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж байгаа түлшний уутны үнэ юм гэж ярилаа.