2021 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс санаачлан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран Орос-Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Медиа чуулганыг “Найрсаг хөршүүд-хил хязгааргүй яриа” сэдвийн дор энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Уг асуудлаар ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, ОХУ-ын ГХЯ-нд харьяалагддаг Россотрудничество Холбооны агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Базархандаев Амгалан МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмааг өнгөрсөн долоодугаар сард ОШУСТ дээр урин уулзалт хийж байсан.
Хоёр улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн медиа чуулга уулзалтыг зохион байгуулахад ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Оросын бүх сэтгүүлчдийн холбоо зэрэг байгууллага хамтран ажиллаж байна.
Дээрх медиа чуулганд урьдчилсан байдлаар Монголын дөрөв дэх засаглалынхнаас гадна ОХУ-ын хил залгаа мужуудын хэвлэл мэдээллийн байгууллагуудын Ерөнхий захирал болон ерөнхий эрхлэгч нар, мөн Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс, Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Саха (Якут) Улс, Крымийн Бүгд Найрамдах Улс дахь ОХУ-ын Бүх Сэтгүүлчдийн Холбооны тэргүүнүүд, ОХУ-ын Эрхүү муж, Алтайн зах хязгаар, Красноярскийн зах хязгаар, Барнаул хот, Новосибирск хот, Баруун Сибирь, Москва, Санкт-Петербург хотуудын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцох аж. Үүнээс гадна Москва хотоос “Интерфакс” агентлаг төлөөллөө оролцуулах юм.
Манай хоёр орны хоорондох мэдээллийн дутмаг байдлыг арилгах зорилготой дээрх медиа уулзалтын хүрээнд хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн Орос-Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны гэрээ үзэглэх ёслол болох юм. Уг үйл ажиллагааг хоёр улс хооронд одоо үйлчилж буй хилийн дэглэмээс шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулна.
Медиа уулзалтын үеэр МСНЭ, Россотрудничествогийн төлөөлөгчийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулах юм байна.