Ерөнхийлөгч Х.Баттулга “AstraZeneca” компанийн вакциныг худалдан авах асуудлаар Засгийн газар, Улсын Онцгой комисст чиглэл өгч, бэлтгэл хангуулахаа мэдэгдлээ

2020 оны 12-р сарын 01 өдөр, 11 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
127151296_1307936972894346_1697399253329194570_n

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Англи-Шведийн хамтарсан “AstraZeneca” эмийн үйлдвэрийн компанийн удирдлагатай цахим уулзалт хийж, тус компанийн боловсруулж буй коронавируст цар тахлын эсрэг вакциныг Монгол Улсад нийлүүлэх талаар санал солилцлоо.

“AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн хамтран боловсруулж буй “AZD1222” вакцин 70 хувийн үр дүнтэй байгааг тус компани арваннэгдүгээр сарын 23-нд мэдээлсэн билээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлын халдвартай тэмцэхэд нэн тэргүүнд шаардлагатай байгаа вакциныг боловсруулж, нийлүүлэх чиглэлд “AstraZeneca” компани өндөр хүчин чармайлт гарган ажиллаж байгааг сайшаав.

Тэрбээр үргэлжлүүлэн, Монгол Улсын хувьд хүн амын талаас илүү хувь нь нийслэлдээ төвлөрсөн байдаг нь өндөр эрсдэл дагуулж буй учраас коронавируст цар тахлын эсрэг вакцин гарсан даруйд нийт хүн амаа богино хугацаанд хамруулах нь чухал болоод байгаа гэлээ.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тус компанийн боловсруулж буй вакциныг үйлдвэрлэж эхлэх үед тэргүүн ээлжинд худалдан авах сонирхлоо илэрхийлэв.

“AstraZeneca” компанийн зүгээс, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр ач холбогдол өгч, манай компанитай холбогдсонд туйлын баяртай байна гээд, коронавируст цар тахлын эсрэг вакциныг худалдаанд гармагц тэргүүн ээлжинд нийлүүлэх орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтаан, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “AstraZeneca” компанийн вакциныг худалдан авах асуудлаар Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисст чиглэл өгч, бэлтгэл хангуулахаа мэдэгдлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх