Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Зорилтот өрхийг сайжруулсан түлшээр хангах тухай” захирамж гаргасан. Энэ хүрээнд өнгөрсөн есдүгээр сараас эхлэн зорилтод бүлгийн 10 мянган өрхөд түлш олгох ажлыг эхлүүлсэн юм. Монгол Улсад бий болсон коронавируст халдварын шинэ нөхцөл байдлаас үүдэн зорилтод бүлгийн өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангах ажлыг эрчимжүүлээд байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, дүүргүүдийн Онцгой комисс, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, “Таван толгой түлш” ХХК хамтран үе шаттайгаар энэхүү ажлыг зохион байгуулж, нийслэлийн Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдаж байгаа Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн зорилтот бүлгийн өрхийг хамруулж буй юм.
Хүйтний эрч чангарч буй энэ үед түлээ, нүүрс шаардлагатай өрх цөөнгүй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар зургаан дүүргийн 40 гаруй хорооны 2972 өрхөд сайжруулсан түлш тараагаад байна.
Цаашид хуваарийн дагуу сайжруулсан түлш авах өрхүүдэд урьдчилан мэдэгдэх бөгөөд ирэхдээ иргэд амны хаалт, бээлий өмсөж, хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэмээ барьж ажиллахаар зохион байгуулж байна.