Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Ж.Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нар итгэл төгс ялалт байгууллаа

2020 оны 11-р сарын 09 өдөр, 09 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1576017451_0_68_3072_1796_600x0_80_0_0_11c0cba104797359685bc15f0d5fe6e2_large

 Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч боллоо. Түүний хувьд АНУ-ын түүхэнд өмнөх ерөнхийлөгчтэй өрсөлдөөд ялж чадсан 11 дэх хүн болж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд анх өрсөлдөж байснаасаа хойш 32 жилийн дараа, анх сенатын гишүүн болсноосоо хойш 48 жилийн дараа тэр АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настайдаа ерөнхийлөгчийн тангараг өргөсөн хүн болох гэж байгаа.

Байдены дэд ерөнхийлөгчөөрөө сонгосон Камала Харрис АНУ-ын түүхэнд анхны эмэгтэй, анхны Африк гаралтай, анхны Ази гаралтай дэд ерөнхийлөгч болж байна. Калифорни мужид төрсөн Харрисын ээж нь Энэтхэг, аав нь Ямайкийн цагаачид байжээ.

Байдены ялалтыг зарлаж байх үед Дональд Трамп гольф тоглож байсныг хэвлэлүүд мэдээлсэн байна. Тэрээр өрсөлдөгчийнхөө ялалтыг хүлээн зөвшөөрөх бодолгүй, сонгууль луйвартай болсон тул шүүхэд хандахаар бэлдэж байгааг ойрын эх сурвалжууд нь мэдээлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, Билл Клинтон, Жимми Картер нар ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь Жозеф Байденд баяр хүргэжээ. “Бүх саналыг тоолж гаргахад шинээр сонгогдсон ерөнхийлөгч Ж.Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нар итгэл төгс ялалт байгуулж байна” хэмээн Б.Обама цохон тэмдэглэжээ.

“Дараагийн Ерөнхийлөгч Ж.Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нарт баяр хүргэхээс илүү хүндтэй зүйл гэж надад үгүй. Түүнчлэн дараагийн дэд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх албан тушаалд сонгогдсонд нь Камала Харрист баяр хүргэх нь миний хувьд нэр төрийн хэрэг” хэмээн Б.Обама “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Ж.Байден америкчуудын ашиг сонирхолд нийцүүлэн үүргээ гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй буйгаа Б.Обама илэрхийлэхийн сацуу түүнд боломж олгож, дэмжлэг үзүүлэхийг АНУ-ын иргэдэд уриалжээ. “Мишель Обама бид хоёр дараагийн ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарт бүхий л чадлаараа туслах болно” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

“Бидэнд зүтгэх, биднийг нэгтгэх ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчтэй боллоо. Ж.Байден, К.Харрис нарт гайхалтай ялалт байгуулсанд нь баяр хүргэж байна” хэмээн Б.Клинтон онцлон тэмдэглэжээ.

Харин АНУ-ын 39 дахь Ерөнхийлөгч Жимми Картер хэлэхдээ, сонгуулийн өмнөх кампанит ажлаа маш амжилттай явуулснаар нь бид тэднээр бахархаж байна гэжээ. Тэднийг эерэг өөрчлөлт авчрахыг нь тэсэн ядан хүлээж байна гэж тэрбээр мөн мэдэгдсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх