Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Нацагдоржийн Батсүмбэрэлийг дүүргийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэн нийслэлийн Засаг даргад уламжилсан. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Нацагдоржийн Батсүмбэрэлийг томилсон батламжийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан гардуулан өглөө.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Бидэнд ирэх жилүүдэд хийх ажлуудаа төлөвлөн батлуулах цаг үе тулгарч байна. Дэлхий нийтийг цочроосон цар тахлын хүнд үе, өвөлжилтийн амаргүй ажлууд биднийг хүлээж байна. Дүүргийнхээ иргэдийн өмнө хүлээсэн үүрэг, хийж хэрэгжүүлэх ажлаа бодит болгохоор зогсолтгүй ажиллах ёстой. Хууль, шударга ёсыг дээдэлж ажиллах ёстой” гэдгээ илэрхийллээ.